Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"СOVID-19 цар тахлын үеэр төрийн албан тушаалтнууд сэтгүүлчийн асуултаас бултах боломжтой болсон"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 11 дэх удаагийн форум өнөөдөр боллоо. Энэ удаагийн ээлжит форум “Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдсан юм.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Уг форумыг нээж УИХ-ын гишүүн Цогтбаатар үг хэлэхдээ “БНХАУ болон Монгол Улс бүхэл бүтэн 4.7 мянган километрээр хил залгадаг хэрнээ одоог хүртэл коронавирусийг зөөвөрлөсөн тохиолдол нэг ширхэг ч байхгүй. Энэ бол хоёр улсын цар тахлын үеийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын үр дүн юм.

Өнөөдөр Монгол Улс хүнээс хүнд коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй орны нэгд багтсаар байна” гэдгийг онцолж байв.

Форумын үеэр хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид цар тахлын улмаас үүссэн шинэ нөхцөл байдлын үед хэрхэн ажиллаж, ямар туршлага хуримтлуулсан талаар дэд илтгэлүүдийг хэлэлцсэн юм.

Зарим илтгэлээс ишлэн хүргэж байна.

"Цар тахалтай холбоотой айдас, хөл хориог далимдуулж хуульд өөрчлөлт оруулсныг бид анзаараагүй байна"

Өдрийн сонины албаны дарга Я.БаярбатӨдөр тутмын сонины хувьд өглөөний шуурхай хурал тухайн өдрийн ажлын 70 орчим хувь нь байдаг буюу тухайн өдөр юу нийтлэх, ямар асуудлыг голлож хөндөхөө чухалчилж бүх ажилтан ярилцдаг.

Харин цар тахал дэлхий дахинд дэгдсэнээс хойш хоёр сарын хугацаанд өдөр тутмын сонинуудын хувьд онлайн хэлбэрээр ажиллаж эхэлсэн.

Онлайн хэлбэрээр хурлаа хийж, ажиллах нь тодорхой хэд хэдэн давуу талтай байсан.

Тухайлбал, сэтгүүлчдийг амьсгалын замын аливаа өвчний эрсдлээс хамгаалахад ач холбогдолтой. Мөн онлайнаар ажиллах нь цаг зав хэмнэх хамгийн том давуу тал болсон бөгөөд тог цахилгаан зэргээс эхлээд эдийн засгийн олон төрлийн хэмнэлт гарсан гэж дүгнэж байна.

Гэхдээ, цар тахлын улмаас онлайнаар ажиллахын сул тал нь өглөөний хурал дээрх амьд харилцаа, мэтгэлцээн алга болсон зэрэг олон сул талууд бий.

Мөн олон газраас интернэтийн хурд харилцан адилгүй байсантай холбоотойгоор яг Монголын нөхцөлд онлайн хурал хийхэд нэлээд хүндрэлтэй байсан нь харагдсан. Энэ нь редакц бүр техник технологио сайжруулах шаардлагатайг харуулж байлаа.

Түүнчлэн цар тахлын үед төрийн албан байгууллагууд нэг гарцаар мэдээлэл өгнө гэх шийдвэрээс болж мэдээллийн ил тод байдал хумигдсан төдийгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл бүгд ижил төстэй  бөгөөд албаны маягтай болж байгаа нь ажиглагдсан.

СOVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ярилцагчтайгаа биеэр уулзаж ярилцлага хийх нь ховордсон. Энэ нь амьд ярилцлагын хэмжээнд хүрэхгүй байсан гэж харж байна.

Хамгийн гол нь СOVID-19 цар тахал гарснаас хойш төрийн удирдах албан тушаалтнууд сэтгүүлчийн асуултаас бултах боломжтой болсон. Харин 2020 онд сонгууль болох байсан учраас улстөрчид харьцангуй ярилцлага мэдээллийг нээлттэйгээр өгч байсан гэдгийг онцолоё.

СOVID-19-ийн улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд төр засгаас сэтгүүл зүйтэй холбоотой хууль, журам дүрмийг баталсан.

Тухайлбал, оны эхээр батлагдсан Эрүүгийн хуульд заасан Худал мэдээлэл тараахтай холбоотой зүйл ангийг шинээр оруулахдаа сэтгүүл зүйд чухал хэрэгтэй зүйлийг хассан асуудал гарсан. 

Энэ нь цар тахлыг далимдуулж нийтэд мэдээлэх эрхийг, олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлаж байгаа хэрэг юм.

Үүнээс болж сэтгүүлч эх сурвалжаа хэлэхгүй бол эсвэл хардах эрхийнхээ хүрээнд шүүмжлэл өрнүүлсэн бол шууд гүтгэсэн гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болчихсон.

Сэтгүүлчдийг шүүхэд өгч байгаа хүмүүсийн 33 хувь нь төрийн өндөр албан тушаалтан байна гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийг шүүхэд өгсөн гурван хэрэг тутмын нэг нь төрийн өндөр албан тушаалтан байна.

Уг нь хэрвээ тухайн хүн төрд зүтгэхээр шийдсэн бол сэтгүүлчдэд хардах эрх нь бий. Дээрх шийдвэр нь шууд утгаараа сэтгүүлчдийн хардах эрхийг хязгаарлах, мэдээллийн эрхэнд халдаж байгаа хэлбэр.

Цар тахалтай холбоотой айдас, хөл хориог далимдуулж хуульд ийм өөрчлөлт оруулсныг бид анзаараагүй өнгөрсөн байна. Анзаарсан ч зөвхөн сошиал орчинд зориулагдсан заалт гэж том эндүүрч байж.

Тиймээс энэ асуудалд ямар нэг байдлаар тодорхой акц үзүүлэх шаардлагатай болсон.

"Сэтгүүлчид маш бодитойгоор, шинжлэх ухаанчаар хандаж, нэн даруй бүрэн гүйцэд мэдээлэх ёстой"

 

Хятадын өдрийн сонины олон улсын албаны дарга Чэнь ИнчюньЦар тахал анх Ухань хотод дэгдсэнээс хойш БНХАУ утаагүй дайнд ханцуй шамлан оролцсон.

Энэ үед Хятадын өдөр тутмын сонины 15 сэтгүүлч Уханьд очиж эмнэлэг, зах, дэлгүүр, хороолол зэргээр явж тэргүүн фронтод очиж сурвалжилга бэлдэж, шуурхай мэдээллийг газар дээрээс нь дамжуулж байсан. Бидний сурвалжилга нийт 82 өдөр үргэлжилсэн бөгөөд цар тахалтай холбоотой 58,000 гаруй мэдээллийг бэлтгэсэн.

Хятадын өдрийн сонин нь цар тахалтай холбоотой бүхий л салбарт ажиллаж энгийн иргэнээс эхлээд эмнэлгийн ажилтан зэрэгтэй уулзаж бодит мэдээллийг хүргэж байсан.

Цар тахлын үед сэтгүүлчид маш бодитойгоор, нэн даруй шинжлэх ухаанчаар хандаж бүрэн гүйцэд мэдээлэх ёстой. Бид Хятадын туршлага мэдээллийг дэлхий нийттэй хуваалцсан нь өнөөдөр 200 сая хүнд хүрчээ.

Хятад, Монгол хоёр улс цар тахлын үед бие биедээ туслан харилцан хамтран ажиллаж, тэмцэж чадсан. Цаашид улам их амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

"Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинэ арга хэлбэрээр иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх шаардлагатай тулгарсан"

МҮОНР-ийн Хурд агентлагийн редактор Г.Ариунболд: Халдвар дэлхий дахинд эрчимтэй дэгдэж эхэлсэн цагаас хойш хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл урьдчилан сэргийлэх чиглэлээр халдваргүйжүүлэлт тогтмол хийж байх ёстойг мэдээлж байсан. Гэвч хэдхэн сарын дараа мэдээллийг идэвхтэй хүргэх байдлаа алдаж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэлт чухал гэсэн ойлголтыг өгч, иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж чадахаа больсон.

Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуучин мэдээлдэг байснаасаа шинэ арга хэлбэрээр иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх шаардлагатайг харуулж байна.

Мөн бид нягтал, бас дахин нягтал гэх зарчмыг улам лавшруулж мөрдөх шаардлагатай. Учир нь ийм үед нийгмийг цочроож мэдэхээр худал ташаа мэдээлэл ихээр гардаг. Цаашлаад дэлгүүрийн лангуу хүртэл хоосорч байсан тохиолдол бий.

Коронавирусийн дэгдэлт нэг талаар сэтгүүлчдэд хөгжих боломж олгосон.

Тодруулбал, дэлхий дахинд коронавирусийн халдвар шинэ байсан учир иргэдэд судалгаагүй мэдээлэл өгөхгүйн тулд бүгд энэ вирусийн талаар судалж эхэлсэн. Эцэст нь сэтгүүлчид аюул гамшиг цар тахлын үед ажиллах бүрэн чадамжтай болсон туршлага хуримтлуулсан гэж бодож байна.

"Цар тахал дэгдсэн нь мэдээллийн хэрэгслийн чадавхыг дээшлүүлэх шинэ сорилт байлаа"

 

Синхуа сайтын ерөнхий редакторын туслах, сошиал дэлгэрүүлэх төвийн ерөнхий хянагч Лю Хүн: 2020 онд цар тахал дэгдсэн нь мэдээллийн хэрэгслийн чадавхыг дээшлүүлэх шинэ сорилт байлаа. Онцгой цаг үед Хятадын төр засгийн албаны мэдээллийг гадаад дотоодод дамжуулан ажилласан.

Бид олон хэлний давуу талаа ашиглан "Үүлэн хэлний ярилцлага" гэдэг тусгай арга хэлбэрээр гадаадаас Хятад улсад суугаа Элчин сайд, төлөөлөгч нарын санаа бодлыг цаг алдалгүйгээр дамжуулсан. 

Ирээдүйд "Үүлэн ярилцлага" сурвалжилгыг хэвлэл мэдээллийн салбарт цаашид ашиглах түргэн шуурхай арга хэмжээ болох байх гэж бодож байна.

"COVID-19-ийн нөлөөлөлд өртсөн нийгмийн амьдралын өргөн хүрээтэй эрэн сурвалжилга хүлээгдэж байгаа"

 

МҮОНРТ-ийн тамгын газрын дарга Т.Батзориг “Монголын хэвлэл мэдээллийн анхаарлын төв коронавирусийн халдвар нэгдүгээр сарын сүүлээр орж эхэлсэн бөгөөд тухайн цаг үеэс бүх сонины тэргүүн нүүрэнд коронавирустэй холбоотой мэдээлэл гарч эхэлсэн.

Телевизийн хөтлөгч нар мэдээллийн хөтөлбөрөө амны хаалттай уншиж эхэлсэн. Энэ нь халдвараас сэргийлэх зөвлөмж санамжийг өгч байгаа хэлбэр юм.

УОК-оос сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор Монголын телевизүүдийн хөтөлбөрт томоохон өөрчлөлт орж, сурагчдад зориулсан теле хичээлийг ихээр явуулах болсон. Өдрийн хөтөлбөрийн 12-35 хувийг теле хичээлд зарцуулах болсон гэх судалгаа бий.

Мөн цар тахалтай холбоотойгоор хувь сэтгүүлчийн эрэн сурвалжлах чиглэлийн мэдээ сурвалжилга бэлтгэхэд учир дутагдалтай байсан.

Цар тахлын үед хууль эрх зүйн байдалд зарим өөрчлөлт орсон нь сэтгүүлчийн үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл байдалд хүргэсэн эсэх талаар тусгайлсан судалгаа байхгүй. Гэхдээ худал ташаа мэдээлэл түгээсэн, түүнийхээ төлөө хариуцлага хүлээсэн гэх хэвлэл мэдээллийн байгууллага одоогоор байхгүй байгаа.

Бидний өмнө COVID-19-ийн нөлөөлөлд өртсөн нийгмийн амьдралын бусад асуудлыг хамарсан өргөн хүрээтэй эрэн сурвалжилга нэвтрүүлэг, дүн шинжилгээнүүд хүлээгдэж байгааг форумд оролцогч талууд анхаарч, хамтран ажиллана гэдэг итгэлтэй байна.

Монгол, Хятад хоёр улсын хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л шатанд харилцан ашигтай хамтын ажиллагаа болгон бодитой хэрэгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн салбар аль ч цаг үед чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд уламжлал болон тогтсон Монгол, Хятад хоёр орны хэвлэл мэдээллийн форумаас дараагийн 10 жилийн хамтын ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлсон тунхаг бичгийг энэ үеэр гаргалаа.

Гэрэл зургийг Mpa.mn