Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Намуундаръяа: Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр ч хамаагүй хүнд өвчтэй хүүхдүүдээ авраач ээ гэж хүсмээр байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний улмаас гадаад улсыг зорин эмчилгээ хийлгэж буй иргэдэд санхүүгийн асуудал түгээмэл тулгардаг. Ийм асуудал тулгарсан иргэд олон нийтийн сүлжээгээр ард иргэдэд хандан хандив цуглуулж, эмчилгээний төлбөрийнхөө тодорхой хувийг цуглуулсаар байгаа юм.

Тэгвэл ийм тохиолдолд төрөөс ямар дэмжлэг үзүүлдэг, бодитой дэмжлэг байдаг эсэх талаар өнчин тархины хорт хавдартайгаа тэмцэж буй 10 настай хүүгийн ээж Т.Намуундаръяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Фэйсбүүкээр дүүрэн өвчиндөө шаналсан хүүхдүүд, цөхөрч шаналсан аав ээжийн өрөвдөлтэй дүр төрх харагдаж байгаа. Эдгээр хүнд ард түмэн тусалдаг. Хангалттай биш ч гэсэн өөрийн орлогоосоо илүүчлээд өгсөн хандивын ачаар олон мянган үрс гадаадад эмчлэгдэж, эдгэрч байна. Гэсэн ч хүрэлцээтэй биш байдаг. Тийм болохоор Монгол Улсын иргэн хүний хувьд би төр засгаас тусламж хүсмээр байна. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний улмаас шаналж байгаа хүмүүст туслах арга замыг зааж өгөөч ээ, эрүүл мэндийн эрсдлийн сан ч юм уу, тийм байгууллага байдаг уу.

Би өөрийнхөө амьдралд тохиолдсон жишээн дээр ярья. Хүүгээ анх гадаадад хагалгаанд орох болоход би өөрийн хүрээллээсээ 100 сая төгрөг цуглуулаад хагалгаанд ороод ирсэн. Гэтэл дараа жил нь ахиад 150 сая төгрөгийн өртөгтэй хагалгаанд орох шаардлагатай болчихсон. Тиймээс ард иргэдээсээ хандив хүсэж, 40 сая төгрөг бүрдүүлээд хагалгаандаа орсон ч хагалгааны дараах эмчилгээ, бас дахин хагалгаанд орох ёстой гээд зардал нэмэгдээд л байгаа.

Тэглээ гээд дахиад л олон нийтийн сүлжээгээр хандив тусламж гуйна гэдэг хүндрэлтэй. Адилхан амьдрах гээд тэмцэж байгаа хүмүүсээс ахиад жоохон хандив өгөөч ээ гэж хэлэхэд үнэхээр хүнд байдаг. Ганцхан миний хүүхэд биш 500, 600, 900 сая төгрөгийн өртөгтэй хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүд ч байгаа. Гаднын эмнэлэгт очоод хагалгаанд ороход төлбөрөө 100 хувь төлөөгүй бол хагалгааны дараах эмчилгээ хийлгэж чаддаггүй, хагалгаа нь үр дүнгүй болох эрсдэлтэй байдаг. Харь улсын эмнэлгээс "Би ажиллаж байгаад төлбөрөө цувуулаад төлье" гэж хүсэж чадахгүй. Тийм учраас төр засгаасаа эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр ч хамаагүй хүнд өвчтэй хүүхдүүдээ авраач ээ гэж хүсмээр байна.

Ээж аав хүний горьдлого хэзээ ч тасардаггүй. Хүнд өвчин тусаад эдгэрсэн олон хүний түүхийг би мэддэг. Тийм болохоор хүүхдээ эдгээчихнэ ээ гээд зүтгэж яваа. Өчигдөрхөн хүүхдээ Солонгост эмчлүүлж байсан нэг ээж надтай холбогдсон. Хандив цуглуулаад эмчилгээ хийлгэхээр бэлтгэж байхад хүүхэд нь тэнгэрийн оронд явсан байна. Тэр ээж "Надад жоохон илүү гарсан 2 сая төгрөг байна. Чи хүүгээ амьд авч үлдэхийг хичээгээрэй. Чамд хандивламаар байна" гээд ярилаа. Ийм зүрх зүсэгдэм зүйлс тохиолдсоор байна.

Хүүхдийнх нь амь нас цаг минутаар хэмжигдэж байгаа аав ээжүүд бид хэнд хандахаа мэдэхгүй байна. Эрүүл мэндийн яаманд хандах ёстой юу, Ерөнхий сайдад хандах уу, хэнээр дамжуулбал төрийн түшээд бидний хүсэлтийг хурдан хүлээж авах вэ.

Гадаадад эмчлүүлээд ирсний дараа улсаас 5 сая хүртэлх төгрөгийг авдаг. Гэтэл тэр 1 сая, 3 сая төгрөг гадаадад нэг шинжилгээ хийлгэх төлбөрт ч хүрдэггүй. Гэлээ гээд би Монгол Улс надад өгөх ёстой гэж хандаагүй юм шүү. Иргэн хүний хувьд би хэнд хандах ёстой вэ, бид эмчилгээ хийлгээд гарсан зардлаа эргээд улсдаа төлдөг зохицуулалт байж болох уу?" гэсэн юм.

Өнчин тархины хорт хавдартайгаа тэмцэж буй хүүд туслахыг хүсвэл 5779194447/Хаан банк, ээж Намуундаръяа/ дансанд хандив өгөх боломжтой.

Видео: Иргэн Т.Намуундаръяагийн Mass.mn сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

https://www.facebook.com/MASS.TV.OFFICIAL/videos/1580121512176250/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.