Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтнээ “гамшиг” гэж нэрлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Доктор Фаучи Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр өөрийн улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтнээ “гамшиг” гэж нэрлэжээ.

79 настай доктор Энтони Фаучи нь Бүгд Найрамдах болон Ардчилсан намын аль алиных нь ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллаж байсан, Америкийн халдварт өвчин судлалын тэргүүлэх эрдэмтэн юм. Тэр одоо коронавирусийн цар тахалтай тэмцэх засгийн газрын хорооны гишүүнээр ажилладаг. Фаучи 1984 оноос хойш АНУ-ын Харшил, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

Трамп, Фаучи нар цар тахалтай хэрхэн тэмцэх тал дээр санал зөрөлддөг нь олон зүйл дээр харагддаг юм. Фаучи коронавирусийн тахал цаашид АНУ-д улам эрчимжинэ хэмээн үзэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгахыг уриалдаг.  

Харин Дональд Трамп тахлын аюулын оргил хэсэг ард үлдсэн гэж үздэг юм.

Фаучи өнгөрсөн Ням гарагт CBS сувгийн “60 minutes” хөтөлбөрт оролцохдоо ерөнхийлөгч Трамп вирусийн халдвар авсныг сонсоод гайхаагүйгээ ярьжээ.

Харин өчигдөр сонгуулийн цуглаанд оролцож байхдаа Трамп “Фаучи бол гамшиг. Хэрвээ би түүний үгийг сонссон бол өнөөдөр 500,000 хүн амиа алдах байлаа” гэж хэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдвараар 219,000 гаруй хүн нас бараад байгаа.

Трамп цааш нь хэлэхдээ “Хүмүүс юу ч болсон хамаа алга, биднийг зүгээр орхи гэж хэлж байна. Тэд залхсан байна. Ард түмэн Фаучи болон бусад тэнэгүүдийн яриаг сонссоор залхсан байна” гэжээ.

Ердөө хоёр долоо хоног орчмын дараа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох гэж байна. Дональд Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахаар өрсөлдөж байгаа ч коронавирусийн цар тахлын эсрэг авсан арга хэмжээ нь түүнд өгөх саналыг цөөрүүлж магадгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters