Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Видео хурлын үеэр камерны өмнө ичмээр үйлдэл гаргасан тоймчоо New Yorker сэтгүүл ажлаас нь түдгэлзүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Zoom видео холбоогоор явуулсан онлайн хурлын үеэр зохисгүй үйлдэл гаргасан тоймчоо ажлаас нь түдгэлзүүлснийг “The New Yorker” сэтгүүлийн захиргаа өчигдөр мэдээлжээ.

Тус сэтгүүлд 25 жил ажиллаж буй, хууль эрх зүйн шинжээч, тоймч Жэфри Түбин өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “Камераа унтраасан гэж бодоод би ичгүүртэй, тэнэг үйлдэл гаргасандаа харамсаж байна. Эхнэр, гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсдаасаа уучлал гуйж байгааг хүлээн авна уу. Би тухайн үед Zoom видео холбоогоо салгасан, хэн ч намайг харахгүй байгаа гэж бодсон юм” гэж бичсэн байна. Тэр бас CNN агентлагт хуулийн ахлах шинжээчээр давхар ажилладаг юм.

Түбин яг ямар үйлдэл гаргасан талаараа дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

Харин бусад эх сурвалжуудын мэдээлснээр Түбин хуралд оролцсон бүх хүмүүсийн нүдний өмнө гар хангалга хийсэн гэнэ. Хурлын үеэр түр завсарлага авсан Түбин камераа унтраасан гэж бодоод ийм үйлдэл хийжээ.

Zoom холбоогоор хуралдаж буй хүмүүсийн дүрс нэг дэлгэцэн дээр бөөндөө харагддаг бөгөөд ярихгүй үедээ микрофоноо унтраах, бусдад харагдахыг хүсээгүй үедээ камераа хаах зэрэг үйлдэл хийж болдог юм. Тухайн хуралд сэтгүүлийн ажилтнуудаас гадна Нью Йорк хотын олон нийтийн радиогийн ажилтнууд оролцож байжээ.

“The New Yorker” сэтгүүлийн эрхлэгч Дэвид Рэмник болсон хэрэг явдлыг шалгаж дуустал Түбинийг ажлаас нь түдгэлзүүлж байгааг ажилтнууддаа мэдэгдсэн байна.

CNN агентлаг Түбинийг “хувийн асуудлаа шийдэх хүртэл түр хугацаагаар чөлөө авсан” гэж мэдэгджээ.

Энэ онд бизнесийн байгууллагууд коронавирусийн цар тахлын улмаас гэрээсээ ажиллах, онлайн видео холбоогоор уулзах, хуралдах аргыг түлхүү хэрэглэх болсон.

Гэвч шинэ технологийг ашиглаж сураагүй хүмүүс энэ үеэрээ алдаа гаргаж, эвгүй байдалд орох явдал олон удаа гараад байна. Өнгөрсөн сард Аргентины парламентын гишүүн чуулганд видео холбоогоор оролцохдоо эвгүй үйлдэл гаргасны улмаас албан тушаалаасаа огцорч байв.

 

Эх сурвалж: The Guardian