Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ААН-үүдийн 52% нь л Засгийн газраас бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг дэмжих арга хэмжээнд хамрагдаж чаджээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгаа хамгаалахаар Засгийн газар боломжтой бүх арга хэмжээг хэрэгжүүлж байна хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх учирлаж байсан ч үнэндээ Засгийн газрын хэрэгжүүлсэн 6 их наяд төгрөгийн өртөг бүхий багц арга хэмжээ байгаа оноогүй болохыг цаг хугацаа харуулж, судалгаанууд нотолж байна. 

Хамгийн сүүлд Үндэсний статистикийн хорооноос хоёр үе шаттайгаар 21 аймаг, 8 дүүрэгт хийсэн тандалт судалгаанд хамрагдсан 2,402 аж ахуйн нэгжийн 1,251 буюу 52% нь л Засгийн газраас бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээнд хамрагдаж чадсан байна. Тодруулбал

  • НДШ-ийг тэглэх шийдвэрт хамрагдсан – 1,089 ААН (45.3%)
  • 1.5 тэрбум хүртэлх орлоготой ААНБ-аас орлогын албан татвар авахгүй – 376 (15.7%)
  • ААНБ-ын ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх – 313 (13.0%)  давхардсан тоогоор хамрагджээ. 

Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтээр тархсан шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэх шийдвэр гаргаж, түүнээс хойш бэлэн байдлын зэргийг 8 удаа сунгасан.

Тэгвэл энэхүү шийдвэр нь аж ахуйн нэгжүүдийн 47.8%-д нь Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох арга хэмжээнээс шалтгаалан хэвийн явагдахгүй байна гэсэн хариулт өгчээ. Мөн үйл ажиллагаа нь хэвийн явагдахгүй байгаа ААН-ийн тоо наймдугаар сард тавдугаар сараасаа 142 буюу 11%-аар нэмэгдсэн ба 86.3% нь Засгийн газраас гаргасан шийдвэрээс шалтгаалан орлого буурсан хэмээн хариулсан байна.

Товчхондоо судалгаанд хамрагдсан 2,402 ААН-ийн 64.4% нь үйл ажиллагаа өмнөх улирлаас илүү хүндэрсэн гэжээ.

Хүндрэл гэдгийг нь задлан харвал үйл ажиллагаа нь хэвийн явагдахгүй байгаа 1,147 ААН-ийн 

  • 502 (43.8%) нь санхүүгийн байдал хүндэрсэн
  • 427 (37.2%) нь үйлчлүүлэгчийн тоо эрс буурсан гэж хариулжээ. 
  • Мөн 416 (36.3%) ААН коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөл хорио тавигдтал үйл ажиллагаагаа түр зогсоосон
  • 261 (22.8%) нь үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ эрс буурсан
  • 229 (20.0%) нь ажиллагчдынхаа НДШ-ийг төлөхөд хүндрэлтэй болсон гэсэн бэрхшээлүүдийг тоочжээ.

Тиймээс аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг юу юунаас илүү чухал байгааг судалгаа харуулж байна. Тухайлбал, банкны зээлийн хүүг бууруулах, бага хүүтэй зээл олгох арга хэмжээг нэн түрүүнд авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна. 

Гэтэл яг одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй 2021 оны төсвийн тухай хуулийн төсөлд хамгийн олон ажлыг байр бий болгож, татвараа үнэнчээр төлж, төсвийн орлогод томоохон хувь нэмрээ оруулдаг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих санд нэг ч төгрөг төсөвлөөгүй байгаа юм. 

Коронавирусийн халдварын эсрэг вакцин гарах хугацаа дөхөж байгаа ч эдийн засаг эргээд цар тахлын өмнөх түвшиндээ очтол дор хаяж хоёр жил шаардлагатай хэмээн олон улсын болон дотоодын эдийн засагчид сануулсаар байгаа.

Эдийн засгийн хямрал удах тусам хамгийн орлого багатай өрхүүд живэх байдлаар нөлөөллөө үзүүлдэг гэдгийг Эдийн засагч Г.Ганзориг тодотгосон юм. Түүний тооцоолсон аргачлалаар хэрэв цар тахлаас үүдэлтэй хямрал Монголд нэг жил үргэлжилбэл нийт өрхийн 12%-ийг эзэлдэг 700 хүртэл мянган төгрөгийн орлоготой өрхүүд орлогоо алдаж, хүнд байдалд орох нь. Харин хямралын нөлөө гурван жил үргэлжилбэл 900-аас 1.1 сая төгрөгийн орлоготой түвшин хүртлээ дампууралд живэхээр байна. Өөрөөр хэлбэл, нийт 897,427 өрхийн 70%-д хямрал нүүрлэж, нөлөөгөө хүчтэй үзүүлэх аж. 

Харин манай улсын эдийн засаг түүхэнд байгаагүй хэмжээгээр унаж, 9.7%-аар ашгаад буй. Хэрэв төсвөөс, төрөөс бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ бодлогоор дэмжихгүй бол байдал улам хүндрэх бараан төсөөлөлтэй байна.