Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын арми Холливүүдийн киноны дүрсийг ашиглаад өөрийн иргэдэд шүүмжлүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн дэргэдэх соёлын төв тус улсад бүтээсэн шинэ бөмбөгдөгч онгоцнуудыг сурталчилсан видео дүрсийг өчигдөр нийтэд цацжээ.

Дунд болон алсын зайн H-6 бөмбөгдөгч онгоцнууд АНУ-ын Гуам, Диего Гарсиа дахь цэргийн баазуудыг санагдуулам байгууламжуудад цохилт өгч байгааг уг дүрс харуулсан байна.

Вэйбо сүлжээнд тараасан уг дүрсийг өчигдрийн байдлаар 4.72 сая удаа үзжээ.

Гэвч Хятадын "гярхай" интернэт хэрэглэгчид энэхүү видео дүрсэнд Холливүүдийн “Transformers: Revenge of the Fallen”, “The Hurt Locker” кинонуудын дүрсийг тасдаж ашигласныг олж илрүүлсэн байна.

Ийм алдаа гаргасанд бухимдсан сошиал хэрэглэгчид “Их гүрэн болох бидний мөрөөдөл Америк кинонуудын дүрстэй хамт тасчигдлаа”, “Яагаад бид өөрсдийн хийсэн онгоцоо Холливүүдийн киноны дүрс ашиглан сурталчилж байгаа юм бэ?”, “Бид ядаж өөрийн киноны дүрсийг ашиглаж болоогүй юм уу?” гэх зэргээр шүүмжилцгээжээ.

Америк, Хятад улсууд сүүлийн үед зэр зэвсэг, технологи, худалдаа, газар нутгийн маргаан, Хонг Конг, Тайваний статус зэрэг олон асуудлаар зөрчилдөж байгаа.

Батлан хамгаалах салбарын зарим үзүүлэлтүүдээр Хятад улс АНУ-ыг гүйцэж түрүүлсэн гэж Пентагон дүгнээд цөмийн цэнэгт хошууны нөөцөө хоёр дахин өсгөх тухай саяхнаас ярьж эхэлсэн юм. Харин Бээжингийн эрх баригчид үүнийг эрс үгүйсгэж байна.

 

Эх сурвалж: AFP