Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Кипр улс эсэргүүцсэний улмаас Европын Холбоо Беларусийн эсрэг хориг тавьж чадсангүй

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар өчигдөр Брюссель хотод хуралдаж, Беларусийн засгийн газрын эсрэг тавих хоригийг хэлэлцсэн юм.

Наймдугаар сарын 9-ний өдөр болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг луйвардсан, сонгуулийн дараах иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөний эсрэг хүч хэрэглэсэн шалтгааны улмаас Европын Холбоо ерөнхийлөгч Лукашенкогийн дэглэмд хориг тавихаар хэлэлцжээ.

Гэвч Кипр улсын засгийн газар уг хоригийг ганцаараа эсэргүүцсэн тул нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй байна.

Газрын дундад тэнгисийн зүүн хэсгийн маргаантай бүсэд байгалийн хийн хайгуул хийж буй Турк улсын эсрэг хориг тавихгүй бол Беларусийн хоригийг дэмжихгүй гэдгээ Киприйн тал мэдэгджээ.

Тиймээс Беларусийн хоригийг аравдугаар сарын 12-нд болох гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр шийдвэрлэхээр болж хойшлуулсан байна.

Үүнээс өмнө энэ долоо хоногийн сүүлээр болох Европын Холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар дээр яригдсан хоёр асуудлыг авч хэлэлцэхээр болжээ.

Европын Холбооны гишүүд Беларусийн эсрэг хориг тавих асуудалд санал нэгдээд байгаа ч Туркийн асуудалд болгоомжтой хандаж байгаа.

Учир нь Турк улс бол NATO-гийн гишүүн, нутаг дэвсгэртээ Сирийн 3.6 сая дүрвэгчийг байрлуулж байгаа юм.

Газрын дундад тэнгист Турк улстай хилийн маргаантай Кипр улс зургаадугаар сарын 18-нд Анкарагийн албаныхан болон компани, байгууллагуудын эсрэг хориг тавих санаачилга гаргасан ч Европын Холбооны удирдлага хариу өгөөгүй байгаа.

Тиймээс Киприйн засгийн газар Беларусийн эсрэг хориг тавихыг дэмжиж байгаа ч энэ арга хэмжээ нь Туркийн эсрэг хоригтой зэрэг яригдаж, шийдвэрлэгдэх ёстой гэж тайлбарлажээ.

Европын Холбоо хоригийн төсөлдөө Беларусийн төрийн өндөр албан тушаалын 40 хүний нэрийг оруулаад байгаа юм. Харин ерөнхийлөгч Александр Лукашенкогийн нэрийг уг жагсаалтад оруулаагүй байна.

Жагсаалтад багтсан хүмүүст визийн хориг тавьж, Европ дахь данс, эд хөрөнгийг нь битүүмжлэх юм.

 

Эх сурвалж: Reuters