Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс 2029 он хүртэл нийт мал сүргийн тоог жилд дунджаар 2%-аар бууруулна

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс 2029 он хүртэл нийт мал сүргийн тоог жилд дунджаар 2 хувиар бууруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ нийт сүрэгт эзлэх адууны тоог 0.8 хувь, хонины тоог 1.7 хувь, ямааг 1.9 хувиар тус тус бууруулж, үхрийг 0.5 хувь, тэмээний тоог 0.3 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолжээ.

Адуу, хонь, ямааны тоог бууруулж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх зорилгоор батлагдсан үржил, селекцийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үхэр, тэмээний хувьд тоо толгойг нь тасралтгүй нэмэгдүүлэх бодлого баримтлах бөгөөд үхрийг махны, сүүний, мах-сүүний, сүү-махны хосолсон хэлбэрээр, тэмээг ноос-махны, мах-ноосны, сүү-ноосны, спорт-уналга эдэлгээний гэсэн чиглэлээр үржүүлэх чиглэл баримтална.

2019-2029 онд хэрэгжүүлэх дээрх төлөвлөгөөний хүрээнд:

 

2019 оны байдлаарх тоо

2029 он гэхэд хүргэхээр төлөвлөж буй тоо

Адуу

4,214,818

3,710,000

Үхэр

4,753,192

5,517,157

Тэмээ

472,379

498,115

Хонь

32,267,265

25,655,416

Ямаа

29,261,661

24,154,000

Манай улсын нийт ажиллах хүчний 25.3 хувь мал аж ахуйн салбарт ажилладаг бөгөөд 171.6 мянган малчин өрх/285.5 мянган малчин/ нийт малын 89.4 хувь буюу 63.4 сая малыг эзэмшиж байгаа юм. Малын дийлэнх нь малчин өрхийн өмчлөлд байгаа одоогийн нөхцөлд малын тоог бууруулах дээрх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд малчдыг малын үүлдрийг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх мэдлэг, мэдээлэлтэй болгох шаардлага тулгарчээ.

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох ажил хийгдээгүй орхигдсон байсан бөгөөд 2019 оноос НҮБ-ын 165 мянган ам.долларын санхүүжилтээр "Малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэхэд дэмжлэг үзүүлэх" төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлж, үнэлгээ хийснээр аль аймгийн аль суманд малын чанар үүлдэрлэг байдал ямар түвшинд байгаа, үүлдэрлэг байдлын доройтол хэдэн хувьтай, ашиг шимийн гарц, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүнээс хүртэх үр ашиг зэргийг нэгтгэн харах боломж бүрдэхээс гадна урт, богино хугацааны бодлого тодорхойлох боломж бий болох юм байна.

Монгол Улсад өсгөн үржүүлж буй нийт мал сүргийн 85.7-99.9 хувийг цэвэр үүлдрийн монгол мал, 0.001-0.002 хувийг гадаад орноос авчран нутагшуулж байгаа мал, 0.04-14.3 хувийг тэдгээрийн эрлийз тус тус эзэлж байна.

Түүнчлэн үржлийн малын үнэт чанарыг үнэлэх, шилмэл, гойд ашиг шимт малыг тогтоож баталгаажуулах замаар монгол малын үнэ цэнэ, бүтээмжийг нэмэгдүүлэх нэгдсэн мэдээллийн санг үүсгэх зорилгоор малын удам зүйн үнэлгээний нэгдсэн системийг би болгосон байна.

"МАА-гаа зөв зүйтэй эрхэлж чадаж байна уу, үгүй юу гэдгээс тал нутгийн экосистемийн асуудал хамаарна"

Манай улсын нийт газар нутгийн 70 хувь буюу 110 сая га газрыг малын бэлчээрийн зориулалтаар ашигладаг. Тэгэхээр мал аж ахуйгаа зөв зүйтэй эрхэлж, бэлчээрээ зүй зохистой ашиглаж чадаж байна уу, үгүй юу гэдгээс тал нутгийн экосистемийн асуудал үндсэндээ хамаарна гэсэн үг.

Гэтэл хамгийн сүүлийн үеийн/2018/ судалгааны дүгнэлтээс үзэхэд бэлчээрийн 65 хувь нь талхлагдалд өртсөн байна. Үүний 100 мянган га газар нь талхлагдаж цөл болоод байгаа юм.

Тиймээс малын чанарыг сайжруулах, зах зээлийн үнэ, ашиг шимийг нь нэмэгдүүлэн улмаар малчдын амьжиргааг дээшлүүлж, байгаль цаг уурын эрсдэл, гамшгийг даван туулахад чадварыг нэмэгдүүлэхэд шаардлага тулгарч байна.