Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын иргэд анх удаа эзэн хаандаа шаардах бичиг хүргүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Тайландын олон мянган иргэд тус улсын эзэн хааны амьдардаг ордны гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Иргэд эзэн хааныхаа эрх мэдэл, зарцуулдаг төсөв мөнгийг хязгаарлахыг шаардсан нь тус улсын түүхэнд анхны, маш зоригтой үйл ажиллагаа болсон байна.

 Тайланд улс нь эзэн хааныг шүүмжлэхийг хуулиар хатуу хориглодог ба зөрчсөн хүнийг 15 хүртэл жилээр хорьж шийтгэдэг.

Ням гарагийн өглөө жагсагчид эхлээд ордны ойролцоо талбайд шинэчлэлтийг шаардсан агуулгатай металл хавтан суулгажээ. Уг хавтан дээр “Энэ улс орон бол ард түмний өмч бөгөөд биднийг хуурдагчлан эзэн хааны эд хөрөнгө биш юм” гэсэн бичгийг сийлсэн байна.

 

Дараа нь тэд эзэн хаанд хүргэх шаардах бичгийг гардуулахаар ордны захиргаанд очжээ. Цагдаа нар жагсаалыг зогсоосон ч нэг төлөөлөгч нь шаардах бичгээ гардуулахаар захиргаа рүү нэвтэрсэн байна.

Жагсаалыг зохион байгуулагч Парит Чиварак “Бидний байгуулсан хамгийн том ялалт бол энгийн хүмүүс захидлаа эзэн хаанд хүргэж чадсан явдал байлаа” гэж мэдэгджээ.

Тэрбээр дараагийн жагсаалыг аравдугаар сарын 14-нд 1973 оны оюутны бослогын ойн өдөр зохион байгуулгдах болсныг зарлаж, эзэн хааны хувь эзэмшдэг Siam Commercial Bank-наас мөнгөө татахыг иргэдэд уриалсан байна.

Тайландын ерөнхий сайд Прают Чан-оча жагсагчдын зарим шаардлагын талаар бодож үзэхээ амлажээ. Тухайлбал цэргийн диктатур тогтсон цаг үед батлагдсан үндсэн хуулийг шинэчлэх асуудлыг үүнд дурдсан байна.

2016 онд хаан ширээг талийгаач эцгээсээ залгамжилсан одоогийн эзэн хаан Маха Важиралонгкорн нь ихэнх цагаа Германд өнгөрөөдөг бөгөөд үүнийг нь Тайландын иргэд нэлээд шүүмжилдэг.

Тэрбээр хаан ширээнд заларсан цагаасаа хойш өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэмжээг авсан юм. 

 

Эх сурвалж: The Guardian