Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хушны боргоцойг хэзээ, хэрхэн зөв түүх вэ?

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Байгальд сибирийн /Pinus sibirica/ болон cолонгос /Pinus koraienensis/ гэсэн хоёр зүйл хуш мод байдаг бөгөөд сибирийн хуш нь зөвхөн ОХУ, Монгол Улсын газар нутагт ургадаг.

Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь буюу 683.9 мян.га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургаж байна.

Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаарна. Харамсалтай нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр нийт хуш модон ойн 40 хувь доройтолд ороод буйг БОАЖЯ-наас мэдээлсэн бөгөөд хуш модны самрыг хэрхэн зөв түүх зөвлөмжийг гаргажээ.

 

Хуш модны талаар зарим сонирхолтой мэдээллүүд:

  • Хуш нь цилиндр хэлбэрийн титэмтэй, нас гүйцсэн нь 30-40 м өндөр, 1 м-ээс дээш диаметртэй, 400 хүртэл жил насалдаг, 25-45 насандаа үр өгч эхэлдэг. Үрийн жил нь 5-7 жил тутамд давтагддаг бөгөөд самрын дундаас дээших ургацын хугацаа нь 2-4 жил байдаг. Экологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой шилмүүст мод юм.
     
  • Хуш мод нь ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог. Тодорхой хугацаанд шинэчлэгдэн солигдон унаж байдаг хушны шилмүүс, боргоцой нь хөвсгөр байдаг тул бусад шилмүүст модтой харьцуулахад хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг бөгөөд энэ нь ойн чийгшилийг удаан хадгалж, уур амьсгалын таатай орчинг бүрдүүлдэг.
     
  • Хушин ой нь бактер устгах чадвартай, фитонцид, эфирийн тос их ялгаруудаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдэг тул эртнээс хушин ойг эмчилгээний зорилгоор ашиглаж байжээ.
     
  • Хуш модны самар, шилмүүс нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү зэрэг шувуу, жирх, хэрэм зэрэг мэрэгч, баавгай, гахай зэрэг том амьтдын гол хүнс тэжээл болдог. Жирх, хэрэм 6-10 кг самрыг өвлийн идшиндээ нөөцөлдөг бол баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээлэх боломжтой болдог. Баавгай самрын ургац муу жилд ичэж чадахгүй дан ангаар хооллох болдог бөгөөд сард 3-6 толгой гахай, буга, хандгай барьж идэх болдог нь ойн туурайтан амьтны нөөцөд ихээхэн хохирол учруулахад хүргэдэг.
    Харин зэрлэг гахай өдөрт 2-2.5 кг самар идэж байж онд орох боломжтой болно. Самрын ургацгүй жил жирх, хэрэм их хорогдсоноос ойн булга, шилүүс зэрэг үслэг амьтдын хоол тэжээл хомсдож өсөж үржих нь багасдаг. Ер нь хуш мод бүрэлдэхүүнд нь орсон хөвч, тайгын ойд 50 зүйл хөхтөн амьтан, 160 орчим зүйл шувуу, 6 зүйл хоёр нутагтан, 4 зүйл мөлхөгч амьдардаг гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байна.