Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургууль, цэцэрлэгийн 14 барилгын их засвар есдүгээр сарын эхний хагаст дуусах бол 17 барилгынх он дамнан хийгдэхээр болсон"

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан зарим мэдээллийг өглөө.

Тэрбээр "Энэ жил импортоор орж ирэх бараа, материалд бага зэрэг саатал гарсан. Гэсэн хэдий ч 30 сургуулийн өргөтгөл, 45 цэцэрлэгийн барилга болон өргөтгөлийг есдүгээр сарын 1-ний байдлаар ашиглалтад оруулаад байна. Ингэснээр ЕБС-ийн суудлын тоо 14,000 орчмоор, цэцэрлэгийн орны тоо 6,000-аар нэмэгдэж байгаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин болон шинээр хэрэгжиж байгаа 140 ЕБС-ийн барилга, өргөтгөлийн ажил үргэлжилж байна. Мөн цэцэрлэгийн 171 барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд он дуустал 31 цэцэрлэг, 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 104 барилга байгууламжид засвар үйлчилгээ хийсэн. Улсын дунджаар 92 хувийн биелэлттэй явж байна. 35 сургууль, 26 цэцэрлэг, 8 дотуур байрны их засвар дууссан бол 14 барилгын их засвар есдүгээр сарын эхний хагаст дуусахаар байгаа. 17 барилгын их засварын ажил 2021 он руу дамнан хийгдэхээр болсон.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд 45 цэцэрлэг, 15 сургуульд тавилга, тоног төхөөрөмж олгох ажлууд хийгдсэн.

Түүнчлэн энэ жил улсын хэмжээнд 3,300 багшид зөөврийн компьютер олгох ажил хийгдэж дууслаа. Цаашид энэ ажил үргэлжилнэ.

Гадаадын зээл тусламжаар томоохон сургуулиуд ашиглалтад орж байгаа. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хоёр, Япон улсын буцалтгүй тусламжаар гурван сургууль ашиглалтад орсон. Дахиад таван сургуулийг 10, 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн АНУ-ын цэргийн тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн барилгыг өргөтгөх ажил үргэлжлээд явж байна" хэмээв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2713243415661239/