Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Цэдэвсүрэн: Хувийн цэцэрлэгийн хүүхдэд улсаас өгдөг хоолны мөнгө, хувьсах зардал хэвээрээ байгаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн сургууль, цэцэрлэгийн засвар, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Сургууль, цэцэрлэгийн засварыг дуусгах үүрэг өгсөн

Тэрбээр "Хичээл эхлэхэд яам талаасаа бэлэн. Сургалтын агуулга, хөтөлбөр, багшийг сургах, хүүхдийн орчин, ээж, аав, хүүхдэд зориулсан сэтгэлзүйн сургалтыг явуулж байна. Түүнчлэн хичээл түр завсардсантай уялдуулаад давтан сургалтуудыг үе шаттайгаар хийж байгаа.

Сургууль, цэцэрлэгийн засварын хувьд аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвлөмж, чиглэл, үүрэг даалгаврыг өгч байна.

Мягмар гарагийн засгийн газрын хуралдаан дээр өвөлжилтийн бэлтгэл байдалтай холбоотой улсын хэмжээний нийтлэг асуудлыг хэлэлцсэн. Ингээд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн урсгал засварыг шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон" гэв. 

1, 23 дугаар сургуулийн, багш, удирдлагууд хахууль авсан гэх гомдол одоогоор яаманд ирээгүй

- 1, 23 дугаар зэрэг сургуульд хүүхдээ оруулах гэж захирал, багш нарт нь хахууль, мөнгө өгдөг асуудал хэрээс хэтэрлээ гэх гомдол эцэг, эхчүүдээс хэвлэл мэдээллийн байгууллагад ирэх юм. Яамнаас энэ асуудалд хяналт, шалгалт хийдэг үү, зөрчил гаргасан багш, хичээлийн эрхлэгч, захирал бий юу? 

- ЕБС-ийн харьяаллыг сайн ойлгож байх хэрэгтэй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй лаборатори буюу олон улсын хөтөлбөрийн бус бусад бүх сургуулиуд нийслэлийн Засаг даргад харьяалагддаг. Засаг дарга сургуулийн удирдлага болон үйл ажиллагааг хариуцдаг.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 46 лабаоратори болон Олон улсын хөтөлбөрийн гурван сургуулийг БШУЯ хариуцдаг. Энэ нь өөрсдийгөө хариуцлагаас чөлөөлнө гэсэн асуудал биш.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа тул яамнаас иргэдийн санал гомдлыг хүлээн авах дөрвөн оронтой тусгай дугаар болон угтах үйлчилгээг эхлүүлсэн. Ингээд долоо хоног бүрийн өглөөд ирсэн гомдол мэдээллийг хүлээн авч байна.

Иргэдийн гомдол гаргаад байгаа 1, 23 дугаар сургуулийн удирдлага, багштай холбоотой гомдол мэдээлэл ирээгүй.

Би хувьдаа боловсролын салбарыг авлигадсан гэж хэлдэггүй. Үүндээ шүүмлүүлдэг.

Хэрвээ сургуулиудын удирдлага, багштай холбоотой мэдээлэл ирвэл нийслэлийн Засаг даргатай хамтарч тухайн үед нь арга хэмжээ авна.

- Хүүхдээ хувийн сургуульд өгвөл төрөөс дэмжлэг бий юу?

- Таван настай бүх хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор 100 хувь цэцэрлэгт хамруулна. Бүртгэл нь хийгдээд дуусаж байгаа. Цэцэрлэгт таван настай хүүхдүүд орно.

Баасан гарагийн байдлаар 3,4 настай хүүхдүүдийн бүртгэл 86 хувьтай гэсэн мэдээ байна.

Хувийн цэцэрлэгт хүүхэд явахаар улсаас өгдөг хоолны мөнгө, хувьсах зардлыг өгнө.  Өгдөг мөнгө нь хэвээрээ.

Улсын цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийг бага болгочихоор анги, танхимын хүртээмж муу байна. Тиймээс хувийн цэцэрлэгийн илүү анги, танхимыг ашиглана. Ингэхдээ хүүхдийн хоолны мөнгө, хувьсах зардлыг өгдгөөрөө өгнө.