Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюутнууд номын сан, цайны газар, амрах болон ариун цэврийн өрөөнд амны хаалтыг тогтмол зүүнэ"

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл танилцууллаа.

Тэрбээр "Дотуур байранд суух оюутнуудын бүртгэл цахимаар хийгдэж байгаа. 2020 оны  аравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд оюутнуудыг дотуур байранд хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдсан. Гадны иргэнийг дотуур байранд нэвтрэхийг хориглох бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нь хүүхэдтэйгээ тусгай хуваарь, сургуулиас баталсан журмын дагуу уулзахыг зөвшөөрнө.

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ариутгал, халдваргүйжүүлэлтийг сургуулийн дотоод болон гадаад орчинд хийнэ. Оюутнууд дотуур байрны нийтийн эзэмшлийн талбай, номын сан, цайны газар, амрах өрөө, ариун цэврийн өрөөнд амны хаалтыг тогтмол зүүх юм.

Сургууль, дотуур байрны нийтийн эзэмшлийн талбайд 1-1.5 метр зай барих тэмдэглэгээг заавал хийх бөгөөд багш ажилчид, оюутнууд сургууль руу нэвтрэхдээ заавал амны хаалт зүүж, биеийн халуунаа хэмжүүлнэ.

Мөн оюутан суралцагчид хичээлээс бусад үед хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байхыг зөвлөж байгаа" гэлээ.

Мөн тэрбээр хичээл сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хэлбэрээр зохион байгуулахтай холбоотой мөрдөх журам, зөвлөмжүүдийг их дээд сургуулиудад хүргүүлээд байгааг мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1008674099561254/