Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг бичгээр гаргаж өгөхгүй байгаа асуудал байхгүй"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэсэн иргэд шаардлагатай бол шинжилгээнийхээ хариуг бичгээр авч болно гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт,  судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Тэрбээр сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тархсан шинжилгээний хариутай холбоотой шүүмжлэлд ийнхүү тайлбар өгсөн юм.

Шаардлагатай гэвэл ХӨСҮТ-ийн 1-ийн А байрны 4 давхраас шинжилгээнийхээ хариуг авах боломжтой

А.Амбасэлмаа хэлэхдээ "Шинжилгээний хариугаа бичгээр авах гээд авч чадахгүй байгаа тухай иргэд цахим орчинд бичиж байна. Зарим иргэд буруу газраас шинжилгээнийхээ хариуг авах гэж очоод мэдэх, мэдэхгүй хүнтэй уулзсан байж болно.

Ер нь бол бид хоногтоо 300-400 сорьцод, зарим үед 800-900 хүний сорьцод шинжилгээ хийж байгаа. Өнөөдрийг хүртэл 20,000 гаруй хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийжээ. 

Тиймээс хүн бүрийн шинжилгээний хариуг бичгээр өгөх боломжгүй бөгөөд өдөр бүрийн 11:00 цагт нийтэд зарлаж буй.

Гэхдээ эрүүл мэнд, бусад ажил хэргийн шаардлагаар, зайлшгүй хэрэгтэй гэж үзээд шинжилгээнийхээ хариуг авахаар ирсэн хүмүүст бид хариуг нь бичгээр гаргаж өгч байгаа.

Өөрөөр хэлбэл, шинжилгээнийхээ хариуг зөв газраасаа авах гээд очиход татгалзаад, хариуг нь өгөхгүй байгаа асуудал байхгүй.

Шинжилгээнийхээ хариуг авах хүсэлтэй, шаардлагатай хүмүүс ХӨСҮТ-ийн хойд хаалгаар ороод, 1-ийн А байрны 4 давхарт очиж шинжилгээнийхээ хариуг авах боломжтой.

Харин гадагшаа явах хүсэлтээ гаргасан хүмүүсийн шинжилгээний хариуг тухай бүрт нь өөрсдөд нь бичгээр өгч буй" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/955674538233650

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.