Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Назарбаевын зээ хүүгийн үхлийн эргэн тойронд

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын зээ хүү Айсултан Лондон хотод нас барсан юм. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр 30 нас хүрэхэд хоёр долоо хоног дутуу байсан залуугийн зүрх зогссон байна.

Тэрбээр Назарбаевын ууган охин Дарига Назарбаевагийн бага хүү, гурван хүүхдийнх нь нэг юм. Аав нь Назарбаевын хүргэн болсныхоо дараа эрх мэдэл, эд хөрөнгөтэй болсон Рахат Алиев гэгч байжээ.

Хар тамхинд донтсон Айсултан сүүлийн үед өөрийн гэр бүл болон Казахстаны улс төрийн бохир зүйлсийн талаар нийтэд ярих болсон юм.

Тэдгээрийн ихэнх нь хэтрүүлэгтэй байсан ч зарим ярьсан зүйлс нь Казахстаны томчуудад таалагдаагүй нь тодорхой. Тиймээс Айсултаны үхлийн шалтгаан олон хүний хувьд сэжигтэй байгаа юм.

2015 онд өвөө, аав хоёр нь дараалан нас барсан явдал Айсултаныг хар тамхинд ороход нөлөөлсөн гэдэг. Ялангуяа аавынх нь сэжигтэй үхэл Айсултаны амьдралд хүчтэй нөлөөлсөн байна.

Казахстаны төрд нэлээд эрх мэдэлтэй болоод байсан түүний аав Алиевыг хадам аавынхаа суудлыг булаахаар хуйвалдаж байна гэх цуу яриа гарч байв.

2002 онд Балканы орнуудад элчин сайдаар томилогдон ажилласнаасаа хойш гурван жилийн дараа Рахат Алиев эх орондоо буцаж, гадаад хэргийн дэд сайдын албыг хашиж эхэлсэн юм.

Гэвч Казахстанд түүнийг тойрсон цуурхал намжихгүй байсан тул 2007 онд гадаадад дүрвэсэн байна. Энэ удаа эхнэр Дарига нь түүнээс салжээ. Алиевыг бүх албан тушаалаас нь огцруулж, Казахстан дахь өмч хөрөнгийг нь хураажээ.

Авлига, мөнгө угаалт, хүн барьцаалалт, аллага, төрийн эсрэг хуйвалдаан гэсэн хэд хэдэн хэргийг прокурорууд Алиевт тулгасан байдаг.

Казахстанд эрэн сурвалжлагдаж байсан тэрбээр долоон жил Европын орнуудад толгой хоргодоод 2014 онд Австри улсад баривчлагдаж, 2015 оны хоёрдугаар сард шүүх хурлын өмнөх өдөр шоронд нас барсан юм.

Албан ёсны дүгнэлтээр Алиевыг амиа хорлосон гэдэг боловч зарим эх сурвалжууд түүнийг хордуулсан гэж дүгнэж байв.

Аавынхаа уналтын дараа Айсултан 2009-2010 оны хооронд Британийн цэргийн академид суралцаад Казахстанд буцаж иржээ. 2012 онд тэр улсынхаа батлан хамгаалах яамны тагнуулын хэлтэст ажиллаж эхэлсэн юм.

2017 онд Айсултан улсынхаа хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч болж байв. 2017 оны есдүгээр сард тэр өөрийгөө хар тамхинаас хамааралтай болсныг Фэйсбүүк хуудсандаа анх зарлаж байжээ.   

2015 оны нэгдүгээр сард өвөө Мухтар Алиев нь нас барж, үүнээс сарын дараа аав Алиев нь Австрийн шоронд сэжигтэй байдлаар нас барсан нь үүнд нөлөөлснийг тэр тайлбарлаж байв.

Үүнээс хойш Айсултаныг тойрсон дуулиан тасраагүй юм.

2019 оны зургаадугаар сард тэр Лондон хотын зочид буудлын наймдугаар давхраас үсрэхийг завдсан тухай мэдээ тарж байв. Үүнээс хоёр хоногийн дараа тэр Лондон хотын төвд бусдын орон байранд хүчээр нэвтэрч орохыг завдаад цагдаа нарт саатуулагджээ.

Энэ үеэр Айсултан нэг цагдаагийн гарыг хазаж ноцтой гэмтээсэн байна.

2019 оны аравдугаар сард Лондон хотын шүүхээс Айсултаныг торгож, бусдын өмчид учруулсан хохирлыг төлүүлэх, албадан хөдөлмөр эрхлүүлэх, хар тамхины эмчилгээ хийлгэх шийдвэр гаргаж байжээ.

2020 оны нэгдүгээр сард Лондон хотын эмнэлэгт хэвтэж байхдаа Айсултан фэйсбүүк хуудсаараа нэгэн дуулиант мэдэгдэл хийж байв. Тэрбээр Нурсултан Назарбаевыг өөрийнхөө жинхэнэ эцэг гэдгийг энэ үеэр зарлаж, ээж Дарига нь түүнийг үхүүлэхийг хүсэж байгаа тухай ярьжээ.

2019 оны гуравдугаар сард Назарбаев ерөнхийлөгчийн албан тушаалаасаа сайн дураар огцорсон нь түүний ээж Даригагийн дарамт шахалтын үр дүн гэдгийг Айсултан ярьсан байна. 

Тэр бас Казахстаны нууц албаныхан хэрхэн хүмүүсийг өөртөө элсүүлдэг тухай, төрийн хүрээнд бий болсон авлигын сүлжээ казахын ард түмэнд олон тэрбумын хохирол учруулдаг тухай ярьж байжээ.

Долдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд хийсэн мэдэгдэлдээ тэр Казахстаны тэрбумтан, Казахмыс зэсийн үйлдвэрийн эзэн Владимир Кимийн тухай бохир баримтыг дэлгэж байв.

Айсултаныг эрх баригчид амиа хорлосон гэж зарласан ч Казахстанд олон хүн түүнийг бусдын гарт амиа алдсан гэдэгт итгэлтэй байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

 

Зураг
17 | 18 | 20 цаг