Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн дотоод хэрэгт оролцохгүй байхыг Франц, Германы удирдагчдад Путин анхааруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Францын ерөнхийлөгч, Германы канцлерь нар Беларусийн асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй тус тусдаа утсаар ярьжээ.

Беларусийн дотоод хэрэг явдалд нөлөөлөхийн тулд гаднаас дарамт шахалт үзүүлэх ёсгүй, ингэвэл нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэж Путин энэ үеэр Эммануэл Макрон, Ангела Меркель нарт анхааруулсан байна.

Тэр бас Орос, Беларусь улсууд нь Хамтын Батлан Хамгаалах Гэрээний Байгууллагын гишүүд, Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүд, “нэгдсэн улс”-ын гэрээтэй орнууд болохыг энэ үеэр тайлбарлажээ.

Александр Лукашенкогийн засгийн газар тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоож, сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ эхлүүлж, улс төрийн хоригдлуудаа даруй суллах хэрэгтэйг канцлерь Ангела Меркель ОХУ-ын ерөнхийлөгчид хэлснийг Германы засгийн газрын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Европын Холбооны гишүүн орнууд Беларусийн хэрэг явдалд хэрхэн хандах талаар одоо ид хэлэлцэж байгаа. Гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар Баасан гарагт уулзахдаа Европын Холбооны хар жагсаалтад оруулж, хориг тавих Беларусийн улс төрчдийн нэрсийг гаргахаар тохиролцсон байна.

 

Эх сурвалж: Russia Today