Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост коронавирусийн тархалтыг зогсоохын тулд шашны бүх цуглааныг хориглов

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тахлын хоёр дахь давалгаа эрчимжсэнтэй холбогдуулан Мягмар гарагт Өмнөд Солонгосын засгийн газар нийслэл Сөүл орчимд бүх төрлийн шашны цуглаан зохион байгуулахыг хоригложээ.

Үүнээс гадна шөнийн клубүүд, караоке баарнууд, буффет ресторанууд, компьютер тоглоомын төвүүд зэрэг халдвар тараах өндөр эрсдэлтэй газруудыг хаасан байна.

Мягмар гарагт тус улсад халдварын 246 шинэ тохиолдол бүртгэгдсэний 235 нь дотоодод дамжсан тохиолдлууд байжээ.

“Энэ бол вирусийн тархалтыг зогсоох бидний эцсийн оролдлого. Хэрвээ энэ удаа алдвал бид цаашдаа тэмцэх өөр ямар ч аргагүй болно” гэж Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чун Си Кюн мэдэгдсэн байна.

Өчигдөр илэрсэн дотоодын 235 тохиолдлын 138 нь Сөүл хотын умард дүүргийн Саран Жэйл христийн сүмээс гаралтай нь тогтоогджээ. Тус сүмийн пастор Жон Кван Хүүн сүсэгтнүүдэд “ариун сүнсний гал биднийг вирусээс хамгаална” гэж номлодог гэнэ.

Гэвч пастор болон түүний гэргий, бусад шадар хүмүүс нь бүгд коронавирусийн халдвар авсан нь Даваа гарагт хийсэн шинжилгээгээр тогтоогджээ.

Саран Жэйл сүмээс гаралтай халдварын тохиолдлын тоо нийтдээ 457 хүрээд байна. Энэ оны хоёр, гуравдугаар сард дэгдсэн тахлын эхний давалгааны голомт нь Шинчонжи хэмээх христийн сүм болж байсан юм.

Эхний давалгааг амжилттай дарсан гэгдэж байсан Өмнөд Солонгост сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар дахин эрчимжиж, сүүлийн таван өдөр дараалан өдөрт 100-аас дээш тохиолдол илрээд байна.

Саран Жэйл сүмийн пастор Жон Кван Хүүн нь одоогийн ерөнхийлөгч Мүүн Жэ Иний бодлогыг шүүмжлэгчдийн нэг юм. Тэр бас цар тахлыг Умард Солонгосын явуулж буй террорист ажиллагаа гэж номлож байжээ.

Өнгөрсөн Бямба гарагт тэр Сөүл хотын төвд засгийн газрын эсрэг зөвшөөрөлгүй цуглаан зохион байгуулж байв. Энэ цуглаанд оролцсон сүсэгтнүүдээс 10 хүн одоогоор халдвар авсан нь тогтоогдоод байна.

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгосын эрх баригчид дээрх сүмийн 2,500 орчим гишүүнийг оношилж, 800 гишүүнийг эрэн сурвалжилж байгаа ажээ. Оношлуулсан сүсэгтнүүдийн 15 хувьд нь коронавирусийн халдвар илэрсэн байна.

Өмнөд Солонгосын иргэд сүмийн гишүүдийг эмчлэхэд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байгааг эсэргүүцэж, пастор Жон Кван Хүүнд хуулийн хариуцлага тооцохыг шаардаж эхэлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post