Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын ерөнхий сайд АНУ-ын ерөнхийлөгчид “хариу цохилт” өгөв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Саяхан АНУ-ын Миннесота мужид ерөнхийлөгч Дональд Трамп олны өмнө үг хэлэхдээ Шинэ Зеландын цар тахлын нөхцөл байдлын талаар таагүй зүйл ярьсан юм.

“Шинэ Зеландад юу болж байгааг та нар харж байгаа биз дээ. Тэд ялаад байна, ялаад байна гэж хаа сайгүй бичсэн. Бодвол надад сонсгох гэж тэгсэн биз. Гэтэл өнөөдөр Шинэ Зеландад юу болж байна? Энэ бол гамшиг. Манайд ийм зүйл болохыг хүсэхгүй байна” гэж Трамп ярьжээ.

Харин өнөөдөр Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн АНУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үгний талаар хариу мэдэгдэл хийсэн байна.

“Өнөөдөр Covid-19, вирусийн тархалтын талаар дэлхий дахины мэдээллийг авч байгаа хүн бүр Шинэ Зеландад нэг өдөрт бүртгэгдсэн халдварын есөн тохиолдлыг АНУ-ын хэдэн арван мянган тохиолдолтой харьцуулшгүй гэдгийг ойлгож байгаа. Үнэндээ дэлхийн ихэнх улс орнуудынхтай ч харьцуулах боломжгүй юм” гэж Ардерн сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

Тэрбээр цааш нь “Буруу ярьсан нь хэнд ч ойлгомжтой байна. Коронавирустэй тэмцэх тал дээр манай улс дэлхийд тэргүүлэгчдийн тоонд багтсан хэвээр байгаа” гэж хэлсэн юм.

Шинэ Зеланд улсын 100,000 хүн тутамд оногдох нас баралтын хэмжээ 0.44 хувь байгаа бол АНУ-д 5.21 хувь байгаа.

Шинэ Зеланд улс тавдугаар сард хорио цээрийн дэглэмээ цуцалснаас хойш 102 хоногийн турш дотоодод дамжсан ганц ч халдварын тохиолдолгүй байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт Оклэнд хотод халдварын шинэ голомт илэрсэн тул тус хотод хоёр долоо хоногийн хөл хорио тогтоогоод байна. Мөн ирэх сард болох байсан парламентын ээлжит сонгуулиа нэг сараар хойшлуулсан юм.

Өнөөдрийн байдлаар 5 сая хүн амтай Шинэ Зеландад коронавирусийн халдварын нийт 1,293 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас баржээ.

Харин АНУ-д цар тахал эхэлсэн цагаас хойш 5.2 сая гаруй хүн халдвар авч, 170,000 гаруй хүн нас барсан байна.

 

Эх сурвалж: Reuters