Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шри Ланка yлс өчигдөр бүхэлдээ гэрэл цахилгаангүй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Азийн арал улс Шри Ланкад өчигдөр үндэсний хэмжээнд цахилгааны тасалдал үүссэн байна.

Нийслэл Коломбо хотын гадна орших Керавалапития цахилгаан станцад техникийн гэмтэл гарснаас 21 сая хүн амтай улс бүхэлдээ гэрэл цахилгаангүй болсныг эрчим хүчний сайд Дуллас Алахапперума тайлбарлажээ.

Нийслэл хотод нь долоон цагийн дараа цахилгаан түгээж эхэлсэн ч Шри Ланка улсын бусад хэсэгт харанхуй хэвээр байсан юм.

Хамгийн сүүлд 2016 оны гуравдугаар сард тус улс бас найман цаг гаруй хугацаанд цахилгаан хангамжгүй болж байжээ.

Өчигдөр Коломбо хотын гэрлэн дохионууд ажиллахгүй болсноос замын түгжрэл гамшгийн хэмжээнд хүрч, цагдаа нар гараар зохицуулсан байна.

Нийслэл хотод цахилгааны тасалдлаас үүдэлтэй усны хангамж бас тасалджээ. Шри Ланка улсын нийт эрчим хүчний талаас илүү хувийг дулааны цахилгаан станцууд нийлүүлдэг. Үлдсэн хэсгийг нар, салхины цахилгаан станцууд нийлүүлдэг байна.

Гэмтэл гарсан Керавалапития нь газрын тосыг түлш болгон ашигладаг 300 мегаваттын дулааны станц бөгөөд улсынхаа эрчим хүчний хэрэгцээний 12 хувийг хангадаг гэнэ.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
17 | 18 | 20 цаг