Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс Беларусьт цэргийн тусламж үзүүлэх боломжтойг Путин Лукашенкод хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Орос, Беларусь улсын ерөнхийлөгч нар утсаар ярьсан байна. Нэг хоногийн зайтай хоёр дахь удаагаа тэд утсаар ярьсан нь энэ юм.

Владимир Путин хэрвээ шаардлагатай бол Орос улс Беларусь улсад цэргийн тусламж үзүүлэхэд бэлэн гэж Александр Лукашенкод хэлснийг Кремлиэс гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Наймдугаар сарын 9-ний өдөр Беларусьт болсон сонгуулийн үр дүнд Лукашенко зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэр өдрөөс хойш сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл өрнөөд байна.

Бямба гарагт Лукашенко иргэдийн тэмцлийг гадаад орнуудын өдөөн хатгалга гэж тайлбарлаад даруй арга хэмжээ авахгүй бол хөрш Орост ч бас халдварлана гэж мэдэгдсэн юм. Тэрбээр ингэж хэлснийхээ дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж байжээ.

Дараа нь тэр өөрийн армийн генералуудад Беларусийн аюулгүй байдлыг хангахад туслахаа Путин батлан илэрхийлсэн гэж хэлж байв.

Кремлийн мэдэгдэлд Беларусьт өрнөж буй үйл явдалд гадаадаас нөлөөлж  байгааг хүлээн зөвшөөрсөн ч аль улсын оролцоо байгааг шууд нэрлээгүй байна.

Хоёр удирдагч Беларусийн асуудлыг удахгүй шийдвэрлэж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон тухай Кремлийн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: Интерфакс