Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Викториа мужид өчигдөр COVID-19-ийн улмаас 25 хүн нас барж, 292 шинэ тохиолдол бүртгэгдлээ"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.17/

https://www.facebook.com/iKonNews/videos/599805497336695

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутагт дэвсгэрт бүртгэгдэж, уг халдвараар 21.5 сая хүн өвчлөөд байна. Үүнээс 14.5 сая гаруй нь эдгэрсэн бол 775.5 мянган хүн нас баржээ. 

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 267 мянган хүн шинээр халдвар авч, 5,000 гаруй хүн эндсэн байна. Тухайлбал, нэг өдрийн дотор Энэтхэгт 58 мянга, АНУ-д 56 мянга, Бразилд 22 мянган хүн халдвар авч, өвчлөл өндөртэй улсын тоонд орж байна. 

ОХУ-д өчигдөр 4,969 хүн коронавирусийн халдвар авч, 68 хүн энджээ. БНХАУ-д 98 тохиолдол бүртгэгдсэний 22 нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Японд Ням гарагт 1,021 хүн шинээр халдвар авч, 10 хүн эндлээ. БНСУ-д 197 хүн коронавирусийн халдвар шинээр авсны ес нь гаднаас зөөвөрлөгджээ. Сүүлийн сар гаруй хугацаанд Япон, Солонгост халдварын тархалт нэмэгдсээр байна.  

Австралийн Викториа мужид өчигдөр COVID-19-ийн улмаас 25 хүн нас барж, 292 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр цар тахлын гарснаас хойш хамгийн хүнд өдөр боллоо. Францад ням гарагт 3,015 шинэ тохиолдол бүртгэгджээ. 

Ийнхүү Европ, Ази, Австралид COVID-19-ийн хоёр дахь давлагаа эхэлсэн гэж эрдэмтэд дүгнэж байна" гэлээ. 

Үүнээс улбаалан олон улсад хэрэгжүүлж буй арга хэмжээг хураангуйлбал:

  • АНУ-ын эрдэмтэд COVID-19-ийн үед хөл хорионы дэглэм тогтоож, хүмүүсийн хөдөлгөөнийг бууруулах нь халдварын тархалтыг хазаарлах хамгийн чухал, зөв алхам гэжээ. 
  • Франц, Солонгос, Шинэ Зеландад халдвар нэмэгдэж байгаа тул хязгаарлалтын дэглэмээ сэргээж эхэллээ.
  • Италид олон нийтийн газруудад амны хаалт заавал зүүх, нийтийн бүжиг зохион байгуулах, цэнгээний газруудын үйл ажиллагааг хоригложээ. Мөн олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүгээгүй бол торгууль оногдуулахаар болсон. Тус улсад сүүлийн үед залуус халдвар авах нь нэмэгдэж байгаа байгаад өвчлөлийн дундаж нас 40 байна. 

Тусгаарлан ажиглах байранд 3,624 хүн байна

Манай улсын хувьд өчигдөр зургаан хүн ажиглалтад шинээр орж, найман хүн гэрийн ажиглалтад шилжсэн байна. Одоогоор тусгаарлан ажиглах байранд байгаа 3,624 хүнд 34 их эмч, 95 резидэнт эмч болон 110 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. 

Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 67 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.