Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн талаарх үнэн зөв мэдээлэлтэй орны тоонд Монгол Улс орж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн цагаар дэлхий дахинд хийгдэж буй COVID-19 цар тахалтай холбоотой судалгааны талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тоймлон танилцууллаа.

1. АНУ-ын Халуун орон, анагаах ухааны сэтгүүлд COVID-19-ийн талаарх худал хуурмаг мэдээлэлд улс орнууд хэр өртсөн талаарх судалгааны үр дүнг нийтэлжээ. Судалгааны дүнд худал хуурмагт мэдээлэлд хамгийн их өртсөн орны жагсаалтыг АНУ, Энэтхэг, улс тэргүүлж, дараагаар нь Их Британи, Испани, Хятад улс орсон байна.

Харин хамгийн үнэн бодит мэдээлэлтэй улс орны тоонд Монгол Улс оржээ.

Өнөөдөр бид 276 дахь удаагийн мэдээллийн хурлаа хийж, коронавирусийн талаарх бодитой мэдээллийг өгч байна. ЭМЯ болон эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй мэдээллийг хүлээн авч, зөвлөгөөг хэрэгжүүлэн, найман сарын туршид бидэнтэй хамт вирусийн эсрэг хамтдаа тэмцэж байгаа иргэд та бүхэндээ баярлалаа.

Цаашид ч мөн амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар савандаж угаан, хүн хоорондын зайгаа баримтлах зэрэг зөвлөгөөг хэрэгжүүлээрэй гэж хүсье. Европын нэгэн сэтгүүлд өчигдөр хэвлэгдсэн судалгаагаар монголчуудын амны хаалтаа зүүх үзүүлэлт 80 хувь байгаа нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад дээгүүр үзүүлэлт гэдгийг онцолсон байна. Амны хаалтаа зүүх нь халдварт өвчнөөс сэргийлэх энгийн арга юм.

2. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын албанаас шүлсэнд коронавирус илрүүлэх Салива директ (Saliva direct) хэмээх оношлуурыг бүтээсэн. Үүнийг эмнэлзүйн туршилтад оруулахад сайн үр дүн гарсан. Шүлсэнд коронавирус хамгийн удаан хугацаанд байдаг бөгөөд шүлсээр дамжин халдварладаг тул амны хаалт зүүхээс гадна амаа сайтар зайлах нь чухал байна. Ам хамраа содын уусмал, тамедин, саримсны уусмал зэрэг ам, хамраа зайлах нь үр дүнтэй байна.

3. Английн Империал коллежийн хийсэн судалгаанд дэлхий дахинаа хичээлийн шинэ жилээ эхлүүлэхээр бэлтгэж буй энэ цаг үед халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүүхдийн гараа угаах нөхцөлийг бүрдүүлэх, суултуур нь хүрэлцээтэй байх, амны хаалтаа зүүх, хүүхдүүд болон эцэг эхчүүдэд сургалт мэдээллийг хангалттай өгч байж сургууль, цэцэрлэгийг нээх хэрэгтэйг онцолжээ. Мөн зөвхөн сургуулийн удирдлага багшаас гадна эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо маш чухал юм. Хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, хэт ачаалал өгөхгүй байх, амны хаалт зүүлгэж өгөх шаардлагатай байна.