Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: 627 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Дөрвөн хүн эдгэрлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд наймдугаар сарын 15-нд хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 627 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийлээ. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, 

  • Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүний хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 14-нд Сөүлээс ирсэн 265 хүний шинжилгээ
  • Цэргийн Төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа 25 хүний давтан
  • Дорноговь аймгийн Хангимандал боомтоор орж ирсэн 18 жолоочоос авсан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор ирсэн 23 
  • Сувиллын ажиглалтад байгаа 32
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ тус тус хийгдсэн. Ингэхэд коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ.

Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мөн мэдээллээ.

Эдгэрсэн хүмүүс нь 34, 33, 29, 35 настай энхийг сахиулагчид бөгөөд долдугаар сарын 14-нд эх орондоо ирсэн юм.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 298 байгаагаас эдгэрсэн нь 276 байна. Мөн сувиллын ажиглалтад 48, гэрийн ажиглалтад 21, ажиглалт тандалтын хугацаа дууссан 207 хүн байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 22 хүн эмчлэгдэж байна.

Тусгаарлан ажиглах байранд байсан жирэмсэн эх амаржиж, охинтой болжээ

Тусгаарлан ажиглах байранд байсан жирэмсэн эх өнөөдөр ХӨСҮТ-д ирэн 08:00 цагт амаржиж 3,400 гр, 54 см охинтой болжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Ард иргэддээ дахин сануулж хэлэхэд, хүн бүр хичээн зүтгэж, эв нэгдэлтэй байж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөж байж коронавирусийн халдвараас сэргийлнэ. Дэлхийн бусад улс оронд цар тахлын нөхцөл байдал хүнд байна. Улс орнууд томуугийн дэгдэлтийн үетэй тулгарах цаг үе ойртож байгаа. 

Томуу, томуу төст болон амьсгалын замын өвчлөл нэмэгдэх тусам хүмүүс өвчлөлд өртөх эрсдэл өндөрсөх болно. Тиймээс амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа барих, олон хүн цугласан газар явах байх зэрэг эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсье" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/304117617592740/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.