Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын эзэн хаан Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр үйлдсэн нүглийнхээ төлөө “гүн харамсал” илэрхийллээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гараг нь дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс ялагдал хүлээсний 75 жилийн ойн өдөр байв.

1945 оны наймдугаар сарын 15-ны өдөр Япон улсын эзэн хаан Хирохито улс орон нь дайнд бууж өгснийг ард түмэндээ зарлаж байсан юм.

Өчигдөр Токио хотод болсон ёслолын арга хэмжээний үеэр эзэн хаан Нарухито дайны үед Японы зэвсэгт хүчний Азийн улс орнуудад үйлдсэн харгислал, сүйтгэлийн төлөө гүн харамсал илэрхийлээд дахин ийм зүйл давтагдахгүй байхыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Коронавирусийн цар тахлын улмаас энэ жилийн ёслолын ажиллагааг цомхон зохион байгуулж, 500 орчим хүн оролцсон байна. Өнгөрсөн оны ёслолд 6,200 орчим хүн оролцож байжээ.

Нарухитогийн эцэг Акихито хаан ширээнд заларсан 30 жилийнхээ турш өөрийн эцэг Хирохитогийн үед үйлдэгдсэн дайны гэмт хэргийг цайруулах үйлсэд хүчин зүтгэсэн юм.

Харин Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо 2012 оны арванхоёрдугаар сард ажлаа авснаас хойш улс орныхоо бараан түүхийг цайруулах оролдлого хийсээр ирсэн байна.

Тус улсын ерөнхий сайд нар 1995 оноос хойш жил бүр дайны үед үйлдсэн гэмт үйлдлийнхээ төлөө Азийн улс орнуудаас уучлал гуйсаар ирсэн түүхтэй. Гэвч 20 орчим жил үргэлжилсэн энэ уламжлалыг Абэ Шинзо тасалсан юм.

Тэрбээр өнөөдрийн Япон улсын хөгжил цэцэглэлт, амар амгалан байдал нь дайнд золиослогдсон япончуудын суурин дээр бий болсныг өчигдөр хэлсэн үгэндээ мэдэгджээ.

Абэ өнгөрсөн түүхээсээ сургамж авч, дахин дайны хөлд улс орноо сүйрүүлэхгүй гэдгээ амласан байна. Ингэхдээ тэр дайны үед япончуудын амссан хохирлыг Хирошима, Нагасакийн атомын бөмбөгдөлт, Токио хотын агаарын цохилт, Окинавагийн тулаан зэргээр жишээ татан ярьжээ.

Ерөнхий сайд Абэ Шинзо дайны үеийн гэм нүглээсээ айж ичдэг явдлаа зогсоож, үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах замаар батлан хамгаалах хүч чадлаа дахин сэргээх бодлого баримталж байгаа.

Сүүлийн жилүүдэд Умард Солонгос, Хятад улсуудын зүгээс аюул нэмэгдэж байгаагаар тэр энэ бодлогоо зөвтгөдөг юм. 

Тэрбээр энэ удаа дайны гэмт хэрэгтнүүдийн чандар хадгалагддаг Ясүкүни сүмд биеэр очиж, хүндэтгэл үзүүлэлгүй, оронд нь төлөөлөгчөөрөө дамжуулан өргөл барьц илгээсэн байна.

Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсууд Ясүкүни сүмийг Японы милитаризмын бэлгэдэг гэж үздэг бөгөөд эрх баригчид энэ сүмд зочлох үеэр ширүүн эсэргүүцэл үзүүлдэг юм.

 

Эх сурвалж: The Guardian