Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгчөөс тусламж хүслээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улс орондоо өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад туслахыг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс хүссэн байна.

1994 оноос хойш 9.4 сая хүн амтай улсыг тасралтгүй захирч байгаа Лукашенко өнгөрсөн Ням гарагт болсон сонгуулиар зургаа дахь удаагаа сонгогдсон ч иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Тэрбээр улс оронд нь хувьсгал гарвал Путины дэглэмд бас аюул нүүрлэхийг анхааруулсан байна.

“Энэ бол зөвхөн Беларусьт нүүрлэсэн аюул биш. Хэрвээ бид эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоож чадахгүй бол Орост ч бас нөлөөлнө” гэж тэр Бямба гарагт зөвлөхүүдтэйгээ уулзахдаа мэдэгджээ.

Лукашенко эсэргүүцлийн хөдөлгөөнийг гадаад орнуудаас зохион байгуулж байгааг энэ үеэр ярьсан байна.

Дараа нь Лукашенко ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ.

“Талууд үүсээд байгаа бүх асуудлууд удахгүй шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ” гэж хоёр удирдагчийн утсаар ярьсан тухай Кремлийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Беларусийн тэмцэгчид өнөөдөр буюу Ням гарагт тус улсын түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн жагсаалыг Минск хотод зохион байгуулахаар болсон юм.

Тэд сонгуульд Лукашенко 80 орчим хувийн саналаар ялсан гэх үр дүнг эсэргүүцэж, сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановскаяг ялсан гэж үзэж байна.

Тихановская одоо хөрш Литва улсад дүрвээд байгаа юм.

Сонгуулийн дараа гурван хоног үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр олон мянган хүнийг баривчилсан бөгөөд Пүрэв гарагаас эхлэн тэднийг суллажээ. Харин Лукашенко иргэдийн тэмцлийг дарахаар Путинээс тусламж хүссэн явдал нь нөхцөл байдал дахин муудах төлөвтэйг харуулж байна.

Одоо Беларусийн хувь заяа Путины шийдвэрээс хамаарах магадлалтай боллоо. Орос, Беларусь улсууд бодит байдал дээр “холбооны улс” хэлбэрийн харилцаатай байдаг. Гэхдээ Лукашенко сүүлийн жилүүдэд Оростой гүнзгий интеграцид орохыг эсэргүүцэж, Кремльтэй зөрчилдөх болсон юм.

Гэсэн хэдий ч Путин стратегийн хувьд чухал бас нэг хөрш улсынхаа төрийн эрхийг жагсагчдад алдахыг хүсэхгүй нь тодорхой байна.

 

Эх сурвалж: The Guardian