Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Surface Duo: Гар утасны хувьсгал хийх үү? Майкрософтын нэр хүндийг унагах уу?

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

45 жилийн настай Майкрософт нь одоогоор $1.54 их наядын зах зээлийн үнэлгээтэй, Америкийн тэргүүлэгч технологийн компаниудын нэг.

Тэдний бүтээгдэхүүн Windows үйлдлийн систем нь манай гарагийн бүх компьютеруудын 77 гаруй хувийг ажиллуулдаг. Office программ нь ажил хийдэг хүн бүрийн хэрэглээ болсон байдаг.

Ийм хүчирхэг компани хэдий ч Майкрософт гар утасны ертөнцөд хөлөө олж чадахгүй олон жил болж байна. 2013 онд тус компани Финландын гар утас үйлдвэрлэгч Нокиаг худалдаж авсан ч хоёрхон жилийн дараа $7.6 тэрбумын алдагдал хүлээж, 7,800 орчим ажлын байр цомхотгож байв.

Дараа нь 2017 онд Windows системийнхээ мобайл хувилбарын хөгжүүлэлтийг зогсоосноор гар утасны зах зээлд том ухралт хийсэн юм.

Гэхдээ Майкрософтын амбиц үүгээр унтарсангүй.

Өнгөрсөн онд тус компани Surface Duo нэртэй, хос дэлгэцтэй аварга том гар утас зах зээлд гаргахаар болсноо зарлаж байв.

Тэгвэл энэхүү бүтээгдэхүүнээ есдүгээр сарын 10-ны өдөр АНУ-ын зах зээлд худалдаанд гаргахаар болж, өчигдрөөс урьдчилсан захиалга авч эхэлжээ.

5.6 инчийн хос дэлгэцтэй энэ төхөөрөмж нэг бүр нь $1,399-ийн үнэтэй зарагдах гэнэ.

Өнөөдрийг хүртэл зах зээлд гарсан эвхдэг дэлгэцтэй гар утаснуудаас ялгаатай нь Surface Duo-гийн хос дэлгэц нь хоорондоо хамааралгүй тусдаа ажилладаг.

Хоёр дэлгэц зэрэгцүүлж залгасан компьютертэй адилхан гэсэн үг. Ийм төхөөрөмж зах зээлд гаргаснаараа ажил хэрэгч, бүтээлч хүмүүст зориулагдсан гар утасны цоо шинэ төрөл бий болно гэж Майкрософтын мэргэжилтнүүд тооцоолжээ.

Бас нэг анхаарал татаж байгаа зүйл нь энэ төхөөрөмж Майкрософтын үйлдлийн системгүй, Google-ийн Андроид системтэй байх юм.

Сүүлийн үед зах зээлд гарсан шинэ гар утаснуудаас ялгаатай нь 5G сүлжээнд ажилладаггүй байх ажээ. Дэлгэц нь нээлттэй байхдаа 4.8 мм-ийн зузаан бол хаахад бараг 10 мм-ийн зузаан болдог.

Qualcomm Snapdragon 855 процессор, 6GB RAM, 256GB санах байгууламж, 3,577mAh багтаамжтай батарейгаар тоноглогджээ.

Surface Duo нэг бол Майкрософтын өөрийнх нь төсөөлж байгаа шиг гар утасны цоо шинэ төрлийг бий болгож, энэ салбарт хувьсгал хийнэ, эсвэл ээлжит нэгэн бүтэлгүйтэл болж, тус компанийн нэр хүндийг унагана гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Эх сурвалж: CNET