Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан иргэний нэгдүгээр хавьтлын 73 хүнийг тусгаарлаж, эмчилгээнд хамруулжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Ховд аймаг. /Гэрэл зургийг mpa.mn/

Ховд аймгийн БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан Буянт сумын иргэн Б нь өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний өдөр нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Одоогоор тус иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

 

Аймгийн Онцгой комиссын наймдугаар сарын 11-ний өдрийн хурлаар тус иргэний нэг болон хоёрдугаар хавьтагч нарыг илрүүлж, нэгдүгээр хавьтагч нарыг тусгаарлах болон бусад холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон. 

Үүний дагуу нэгдүгээр хавьтлын 73 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж буй бөгөөд тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байгаа аж.

Мөн аймгийн Цагдаагийн газар, ОБГ, МХГ, ЗӨСТ-өөс Жаргалант сумын 4 чиглэлд хамтарсан хяналт шалгалтын пост ажиллуулж байна.

Өнөөдөр тус аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлын хүмүүсийг дахин хянаж тогтоох, Жаргалант суман дахь постуудын хяналт шалгалтыг улам чангатгаж ажиллахыг холбогдох албанынханд үүрэг болгов.

Мөн мэргэжлийн байгууллагуудаас гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөн, тээвэрлэж худалдаалахгүй байхыг онцгой анхааруулж байна.

 

Эх сурвалж: Ховд аймгийн Засаг даргын тамгын газар