Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Лукашенкогийн гол өрсөлдөгч сонгуулийн дараа гадаадад дүрвэжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Беларусьт болсон сонгуулиар одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко зургаа дахь удаагаа сонгогдсон билээ.

Сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл гурав дахь өдрөө үргэлжилж, цагдаа нартай хийсэн мөргөлдөөний үеэр нэг жагсагч амь үрэгдсэн тухай мэдээлж байна.

Лукашенкогийн гол өрсөлдөгч болсон Светлана Тихановская хөрш Литва улсад очоод байгааг тус улсын гадаад хэргийн сайд Линас Линкевичиус өчигдөр мэдээлжээ.

Тихановская Беларусиас хүчээр яваагүй, өөрийн хүсэлтээр явснаа сүүлд YouTube видео мэдэгдэлдээ өгүүлсэн байна. “Би маш хэцүү шийдвэр гаргалаа. Энэ бол цэвэр миний өөрийн шийдвэр байсан” гэж тэр мэдэгджээ.

Энэ мэдэгдлээс өмнө Тихановскаягийн сонгуулийн штаб түүнийг хаана байгааг мэдэхгүй байгаагаа, мөн аюулгүй байдалд нь санаа зовж байгаагаа мэдэгдэж байсан юм. 

Лукашенко сонгогчдын 80 орчим хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан бол улс төрд цоо шинэ хүн Тихановская 10 хувийн саналаар удаалсан байна.

Гэвч сонгуулийн үр дүнд итгээгүй олон мянган хүн нийслэл Минск хотод тэмцлээ үргэлжлүүлж байна.

Сөрөг хүчнийхэн Тихановскаяг гадаадад гарснаас үл хамааран Лукашенког төрийн эрхнээс зайлуулах тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

“Түүний дүрвэлт юуг ч өөрчлөхгүй. Тэр хийж чадах бүхнээ хийж, олон хүнд урам зориг өгсөн. Хүмүүс Тихановскаягийн төлөө биш, өөрсдийн төлөө тэмцэж байгаа тул бидний үйл хэрэг үргэлжилнэ” гэж Тихановскаягийн хэвлэлийн төлөөлөгч Анна Красулина мэдэгдсэн юм.

37 настай Тихановская нь өөрийн нөхөр, алдартай блогчин Сергей Тихановскийг нэр дэвшүүлэхээс татгалзаж, хорьсны дараа оронд нь нэрээ дэвшүүлж байв.

Тэрбээр сүрдүүлэг ирсний дараа хүүхдүүдээ Европын нэг улс руу гаргасан юм.

1994 оноос хойш Беаларусийг удирдаж байгаа, “Европын сүүлчийн дарангуйлагч” хочтой Александр Лукашенкод одоогоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нар баяр хүргээд байна.

Цагаан ордон сонгуулийн үр дүнд эргэлзэж, сонгуулийн дараа бий болсон нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Европын орнуудын засгийн газрууд мөн сонгуулийн үр дүнд эргэлзэж байна.

Даваа гарагт Лукашенко хийсэн мэдэгдэлдээ гадаадынхны хүсэл сонирхлоор Беларусь улсыг сүйрүүлэхгүй гэдгээ илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Reuters