Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс хоёр жилийн дотор Канадын дөрөв дэх иргэнд цаазын ял оноолоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацааны дотор Хятад улсын шүүх Канадын дөрөв дэх иргэнд цаазын ял оноожээ.

Гуандун мужийн шүүх Баасан гарагт Канадын иргэн Ие Жянхуйг мансууруулах бодис үйлдвэрлэж, тээвэрлэсэн хэрэгт буруутгаж, ялын дээд хэмжээг оноосон байна.

Энэ хэрэгт холбоотой бас нэг хүнд цаазын ял оноож, дөрвөн хүнд долоон жилээс бүх насаар хорих хүртэл шийтгэл оноожээ.

Одоо Хятадын дээд шүүх ялын дүгнэлтийг хянаж, эцэслэн шийдэх юм.

2018 оны сүүлээр Хуавэй компанийн удирдлагуудын нэг, үүсгэн байгуулагчийн охин Мэнь Ванжоуг баривчилсны дараа Хятад-Канадын харилцаа эрс мууджээ.

АНУ-ын хоригийг зөрчиж, Иран улстай наймаа хийсэн шалтгаанаар Вашингтоны эрх баригчид захиалж, түүнийг Канадад ирэхэд нь баривчлуулсан юм.

Хэд хоногийн өмнө бас нэг Канадын иргэн Шу Вэйхон хар тамхины хэргээр ялын дээд хэмжээ авч байв.

Мэнь Ванжоуг баривчилсны дараахан Хятадын шүүх Канадын иргэн Роберт Шелленбэргтэй холбоотой хар тамхины хэргийг дахин шүүж, цаазын ял оноосон юм.

Үүний дараа 2019 оны дөрөвдүгээр сард мөн адил хар тамхины хэрэгтэй Канадын иргэн Фан Вэйд ялын дээд хэмжээ оноожээ.

Эдгээрээс гадна Хятад улс Мэнь Ванжоуг баривчилсны дараа Канадын экс дипломатч Майкл Ковриг, бизнесмэн Майкл Спавур нарыг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж, баривчилсан юм.

Хятад улс нь Азийн олон орны нэгэн адил хар тамхины хэрэгт хатуу шийтгэл оноодог.

Тус улсын том зах зээл, иргэдийн төлбөрийн чадвар, олон улсын худалдааны төв болдог зэрэг давуу талууд нь газар газрын хар тамхины наймаачдын сонирхлыг татдаг байна.

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин өчигдөр гадаадын сэтгүүлчидтэй уулзахдаа Канадын иргэнд цаазын ял оноосныг “зохих шүүхийн байгууллага хуулийн хүрээнд хараат бус шийдвэрээ гаргасан” гэж тайлбарлажээ.

Тэрбээр Мэнь Ванжоуг “улс төржүүлсэн хэргийн золиос болсон” гэж мэдэгдээд даруй суллахыг Канадын засгийн газарт хандаж уриалсан байна.

 

Эх сурвалж: Associated Press