Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Индонез улс Фэйсбүүк, ТикТок, Дисней компаниудад 10 хувийн нэмүү өртгийн албан татвар оноолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Индонез улсын татварын алба өнөөдөр тус улсын хэрэглэгчдэд дижитал бүтээгдэхүүн зардаг Фэйсбүүк, Дисней, ТикТок компаниудад 10 хувийн нэмүү өртгийн албан татвар оноож байгаагаа зарлалаа.

270 сая хүн амтай, Зүүн Өмнөд Азийн хамгийн том улс болох Индонез нь өнгөрсөн сараас эхлэн Амазон, Нэтфликс, Spotify, Google зэрэг гадаадын технологийн компаниудад НӨАТ оноох болсон юм.

Фэйсбүүк компани шийдвэрийг дагах болсноо хамгийн түрүүнд мэдэгджээ.

“Бид 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн НӨАТ-ыг бүтээгдэхүүнийхээ үнэ тарифт тооцох болно” гэж тус компаниас мэдэгдсэн байна.

Одоо мөрдөгдөж байгаа шинэ хуулиар Индонезийн нутаг дэвсгэрт дижитал бараа бүтээгдэхүүн борлуулдаг гадаадын компаниуд 10 хувийн НӨАТ төлөх ёстой.

Ингэхдээ тухайн компани нь жилд доод тал нь 600 сая рупиагийн ($41,040) орлого олдог, эсвэл доод тал нь жилд 12,000 хэрэглэгч ханддаг байх босго тавьжээ.

Дэлхийн томоохон технологийн компаниуд сүүлийн үед Зүүн Өмнөд Азийн зах зээлд татварын шинэ асуудалтай тулгарч эхлээд байна. Тухайлбал Тайланд, Филиппин улсууд 7 ба 12 хувийн НӨАТ тус тус авдаг болох хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters