Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп коронавирусийн эсрэг вакцин сонгуулийн өмнө гарах боломжтой гэв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Доктор Фаучи Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгэн радио сувагт ярилцлага өгөхдөө коронавирусийн эсрэг вакцины түрүүч арваннэгдүгээр сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бэлэн болох боломжтой гэж ярьжээ.

Энэ нь тус улсын анагаах ухааны мэргэжилтнүүдийн тооцоолж байгаа хугацаанаас нэлээд эрт сонсогдож байгаа юм.

“Geraldo Rivera” радиогийн сэтгүүлч вакцин хэзээ бэлэн болохыг асуухад Трамп “Шинэ он гарахаас өмнө. Бүр эрт гарах боломжтой” гэж хариулжээ.

“Арваннэгдүгээр сарын 3-наас өмнө бэлэн болох уу?” гэж дахин асуухад “Би үүнийг боломжтой гэж бодож байна” гэж хариулсан байна.

Ирэх сонгуулиар хоёр дахь удаагаа сонгогдох хүсэлтэй Трамп цар тахалд нэрвэгдсэн эдийн засгаа яаралтай сэргээхийг хичээж байгаа.

Харин АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд, эрдэмтэд вакциныг түргэн гаргахаар яарвал чанаргүй бүтээгдэхүүн гарах эрсдэлтэйг анхааруулж байна.

Лхагва гарагт тус улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи хэлэхдээ вакцин бүтээх төслүүдээс ядаж нэг нь энэ оны эцсээр дархлаа тогтоох чадвартайгаа батлан харуулах магадлалтай гэжээ. Түүний хэлсэн хугацаа Трампын тооцоолж байгаатай зөрчилдөж байна.

Өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус аюулгүй байдлын сэдвээр болсон чуулганд үг хэлэхдээ дэлхий нийтээрээ вакцинд бүрэн хамрагдсан тохиолдолд л эдийн засгийн сэргэлт бүрэн утгаараа ирэхийг анхааруулсан байна.

Баян чинээлэг орнууд зөвхөн өөрсдийгөө вакцинжуулахад анхаарч, ядуу буурай орнуудыг орхивол сэргэлт удаашрахыг тэр сануулжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
16 | 4 | 3 цаг