Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Эрдэнэтунгалаг: Анх дуулахад баярлах, эмээх давхцаж байсан

М.Уянга, Өдрийн шуудан
2013 оны 12 сарын 4
Өдрийн шуудан
Зураг зураг
Дуучин Г.Эрдэнэтунгалагтай “Ханьсахын жаргал” дууных нь талаар ярилцсан юм.

Түүнийг уран бүтээлчдийн гэр бүлд төрж, өссөн гэдгийг хүн бүр мэднэ. Яруу найрагч Л.Гаваасүрэн түүний аав, харин ээж нь хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг. Дээрх дууг түүний аав ээж бүтээснийг дуулж олны хүртээл болгосон юм.

Зохиолчид шинэ сайхан дуунуудаа С.Жавхлан, Т.Баясгалан нарт л өгдөг байсан.

-“Ханьсахын жаргал” дуу хэрхэн бүтээн талаар уншигчдад сонирхуулахгүй юү?

-Энэ дууны түүх их сонин бас гоё. Аав минь ээжид зориулан шүлгийг нь бичиж, 2003 оны гуравдугаар сарын 7-нд олон улсын эмэгтэйчүүдийн баярын бэлэг болгон бэлэглэж байсан. Тухайн үед ээж минь маш их баярласан. Тэр өдрөөс хойш хэдхэн хоногийн дараа ээж өөрөө аялгууг нь биччихсэн. Тэгээд “Би аялгууг нь биччихсэн юм чинь чамаас дахин бэлэг авна шүү” гэж аавд хэлж байсан юм.

-Өөрөөр тань дуулуулах санааг аав ээжийн тань хэн нь гаргав. Эсвэл та өөрөө дуулъя гэж гуйсан юм уу?

-Сайхан дуу болсон гэдэгтэй аав ээж хоёулаа санал нийлдэг. Тиймээс хэнээр дуулуулах вэ гэж ярилцаж байхыг нь би сонсоод дуулахыг хүсч буйгаа илэрхийлсэн. Илэрхийлсэн гэдэг нь шууд хэлчихэж чадалгүй, тойруугаар хэлсэн хэрэг. Яагаад гэвэл, тухайн үед би мэргэжлийн дуучин болохоор суралцаж байсан ч дөнгөж хоёрдугаар курсын оюутай байсан. Тухайн үед багш нар хүртэл мэргэжлийн хичээлийн бэлтгэл сургуулилалтын хажуугаар дуу дуулахыг хориглодог байсан болохоор намайг тоох хүн ч байгаагүй. Зохиолчид шинэ сайхан дуунуудаа С.Жавхлан, Т.Баясгалан нарт л өгдөг байсан. Харин аав ээж минь “Сэтгэлд нь багтсан болоод л дуулъя гэж байгаа юм байлгүй дээ” хэмээн ярилцаж байгаад надаар дуулуулахаар болсон. Би ч аав ээжийнхээ нандин сэтгэлээс төрсөн ийм сайхан дууг дуулах болсондоо баяртай байсан ч, бас эмээж байсан.

-Хэзээ, хаанахын тайзан дээр анх дуулж байв. Аав ээжийн тань сэтгэлд хэр хүрсэн бол?

-Тухайн сарынхаа 18-нд “Мичид рекордс”-т бичлэгт орж байлаа. “Сүнс” хамтлагийн дуучин Лхагваа ах “Ханьсахын жаргал” дууны бичлэгийг хийж өгч байсан. Аав, ээж хоёр тавдугаар сард нь “Сэтгэлд мөнхөрсөн ижий ба ханьсахын жаргал” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийсэн. “UB раlасе”-ын их танхимд тэр тоглолт дээр анх удаа дуулж байлаа. Аав ээж минь их баярласан.

-Хослон дуулахаар Батсайханыг сонгосон нь зөв болсон санагддаг.

-Хамтран дуулах дуучнаа сонгохоор нэлээд хэдэн хүнтэй дуулж үзсэн. Эцэст нь П.Батсайхан ахтай дуулахаар болсон юм. “Ханьсахын жаргал” дуу олон нийтэд хүрсний дараа хүмүүс бидний хоолойн өнгийг сайхан зохицож гэж байсан. Зөв хүнтэйгээ хамт дуулжээ гэсэн бодол надад ч төрж байсан.

Зураг