Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Мянга, мянган жилийн уг үндэстэй Пиноккио зохиолоос монголчууд бид өөрсдийгөө олж харж болно

МОНСУДАР
2020 оны 8 сарын 3
Монсудар

ОНЦЛОХ НОМ: Карло Коллоди "Пиноккио"

 

Хүн зөвхөн талхаар амьдардаггүй. Амьд явах утга учир л хүмүүний амьдралыг үнэ цэнтэй болгож байдаг.

Сайхан амьдралд материаллаг зүйлс (жишээ нь газрын баялаг, хоол хүнс) л хангалттай сан бол монголчууд бид аль хэдийнээ л хангалуун сайхан амьдарч болох байлаа. Гэтэл худал хуурмаг, мунхаг чанар, шударга бус байдал гэх мэт нүдэнд тэр болгон харагдаж, гарт баригддаггүй зүйлс биднийг байнга дордуулж доройтуулж байдгийг нийгмийн бүхий л талаас харж болох биз ээ.

Энэ бүхэн нь утга учрын эрэл хайгуул, ёс суртахуун, шударга ёс, ухаалаг ухамсартай зан төлөв гэх мэт нь бидэнд юу юунаас илүү үгүйлэгдэж байгааг харуулж буй хэрэг.

 

Тэгвэл, хэн бүхний багаасаа мэддэг Пиноккио хэмээгч хүү амьдралын утга учиртай ямар холбоотой байж болох вэ?

Харвардын Их Сургуульд сэтгэл судлалын чиглэлээр ажиллаж байсан профессор Жордан Б.Питерсон Пиноккиог “Бид бүхний мэдэх хамгийн эртний зохиолуудаас сэдэвлэсэн, дор хаяж гурав дөрвөн мянган жилийн уг үндэстэй энэ бүтээл нь амьдралын ухаан, гүн гүнзгий агуулгыг шингээсэн” хэмээн тэмдэглэсэн байдаг. Ж. Питерсоны тайлбарласныг үндэслэн зохиолын үйл явдлыг хөнгөн задалж үзвээс,  өнөөгийн нийгэм, монголчууд бидний амьдралтай хэрхэн уялдаж буйг харж болно.

(Жордан Б.Питерсоны олон улсын бестселлер ‘Амьдралын 12 дүрэм’ ном тун удахгүй Монсудар хэвлэлийн газраас хэвлэгдэн гарах гэж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна)

Зохиолын эхлэлд гарын уртай, сайхан сэтгэлт Жеппетто өвгөн нэгэн утсан хүүхэлдэйг урладаг. Энэ нь уран зохиолын хэлээр Пиноккио анх бүтээгдэхдээ тэр чигээрээ соёлын бэлгэдэл болох Жеппеттогийн эрхшээлд (үлгэр домогт эцэг хүнээр өв соёл, нийгмийн бүтэц тогтолцоо, дүрэм журмыг төлөөлүүлэх нь түгээмэл) байгааг дүрсэлж буй хэрэг юм.

Ердийн томоотой, аливаад үргэлж дуулгавартай, бусдын гар хөл болох бэлгэдэл болсон модон толгойтой, утсан хүүхэлдэй Пиноккиодоо арай илүүг хүссэндээ “жинхэнэ хүү болгож өгөөч” хэмээн шөнийн тэнгэр дэх хамгийн хурц гэрэлтэх одноос залбиран гуйдаг. Энэ нь мэдээж, жинхэнэ хүн байна гэдэг хэн нэгний утсан хүүхэлдэй байхаас илүү болохыг илтгэж буй хэрэг.

 

Үнэндээ, хүмүүн бид бага балчир насандаа энд тэндээсээ утсаар хөтлүүлж буй мэт татуулж түлхүүлэх маягаар ахуй соёл, нийгэм, гэр бүлийн журмаар амьдардаг.

Гэтэл насанд хүрсэн ‘том’ хүмүүс бидний хэд нь ‘утсан хүүхэлдэй’ хэвээр үлддэг бол? Бас хэд нь томоотой, дуулгавартайгаар цэвэр өв уламжлалынхаа загвар болдог вэ? Хэд нь эцэг эхийнхээ үгээр мэргэжлээ болон хэнтэй суухаа сонгож шийддэг билээ? Хэд нь өөр бусдын гар хөл болж, эздийнхээ буруу зөрүүг үхэн хатан өмөөрч хамгаалсаар дуусдаг бол? Хэд нь өөрсдийн гэх дуу хоолой, үзэл бодолгүй амьдардаг бол? Өөрөөр хэлбэл хэд нь ‘жинхэнэ хүн’ болсон бол?

Мэдээж, хүүхдээ утсан хүүхэлдэй болгохгүйг хүсэх нь сайн эцэг бүрийн зорилго мөн. Соёлын төлөөлөл болсон Жеппетто энэ агуу өөдрөг хүслээ эерэг талын, эмэгтэйлэг чанарын бэлгэдэл байгаль эхийн нууцлагдмал хүчтэй уялдуулах үүднээс (Үлгэр домогт дагинаар байгаллаг чанар, шинэлэг зүйлийг төлөөлүүлэх нь түгээмэл) Цэнхэр дагиныг дууддаг.

Цэнхэр дагина Пиноккиог утаснуудаас нь чөлөөлж, ‘жинхэнэ’ хүн болох олон арга замуудаас аль нэгийг нь сонгох боломж олгоод зогсохгүй, буруу зөвийг ялгахад нь туслаарай гэж Жимини царцааг Пиноккиогийн "ухаан"-аар томилно. Энд байгаль, соёл хоёр хавсран нийлснээр хувь хүнийг бүтээдэг гэсэн утга гарч ирж байгаа юм.

 

Ингээд Жеппетто Пиноккиод хамгийн сайныг, бас цаашид улам их боловсрохыг хүсээд найз нөхдийнх нь хамт хорвоо ертөнцөд хөл тавиулна. Жимини царцаагаар (сайтар эзэмших ёстой ухааны бэлгэдэл) зэвсэглэсэн Пиноккио утаснаасаа чөлөөлөгдсөн ч туйлын эмзэг, хорвоо ертөнцийн дур хүсэл өдөөх элдэв зүйлсэд туйлын өртөмтгий хүү болох нь тодорхой болно.

Хамгийн түрүүнд түүнд жүжигчний амьдралыг санал болгодог. Энэ нь аливааг хийж бус, харин хийж байгаа мэт харагдахыг илүүд үздэг, өөрөөр хэлбэл, дүр эсгэж амжилтанд хүрдэг нэгэн болохын илэрхийлэл юм. Пиноккио ухаанаа үл хайхран (Жимини царцаагийн хэлснийг эс тоон) энэхүү саналыг зөвшөөрч орхино.

Гэтэл эцэст нь хэтэрхий ойрыг харсан хүсэл нь түүнийг Стромболи хэмээх дээрэнгүй, шуналтай, бас харгис этгээдийн гарт оруулна. Дүр эсгэж амьдрах явцуухан дур хүсэл нь хүнийг хоригдол мэт амьдрал руу дагуулдаг гэсэн санааг үүгээр илэрхийлжээ.

 

Энэ жишгээр, манай нийгэмд хэр олон хүн хийж бүтээхээсээ илүү сайн хүний дүрд тоглож амьдрахыг хүсдэг бол?

Хэр олон хүн жинхэнэ үнэ цэнийг бүтээхээс илүү инстаграм, фэйсбүүкийн лайк, дагагчидтай болохыг далдхан зорилгоо болгон амьдарч байгаа бол? Бас, хэр олон хүн бусдад таалагдахыг эрхэмлэн, хэлж ярьснаасаа хийж бүтээхээ зөрүүлж буй бол? 

Олон ийм хүн манай нийгэмд бий болчихсон учраас сүүлийн үед “попрох” гэдэг үг хүртэл гарч ирсэн юм биш биз? Тийм хүмүүс жинхэнэ эрх чөлөөтэй амьдарч чаддаг болов уу? Аль эсвэл, цаагуураа хаашаа ч гарах гарцгүй юм шиг айж амьдардаг болов уу?

Ингээд бодоход, сайн хүний дүр эсгэнэ гэдэг хүний эрхэм чанар бус, харин хамгийн арчаагүй чанарын нэг гэсэн дүгнэлт хийж болно.

Ингээд, Цэнхэр дагина түүнийг аврахаар буцаж ирэхэд Пиноккио дахин нэг явцуу дур хүсэлд автагдан худал хэлдэг. Өөрийгөө боолчлогдоход хүргэсэн алдаагаа нуун, хариуцлагаас мултрах санаатай худал хэлэхэд нь хамар нь гэнэт уртасна. Түүнээсээ айж ичсэн Пиноккио ирээдүйгээ баллаж ч болох байлаа.

Гэнэн бас биеэ тоосон худал хэлэх оролдлогынх нь шанг хүртээж чадах байсан ч Цэнхэр дагина түүнд ахин нэг боломж олгож, хамрыг нь байсан хэвд нь буцаан оруулжээ. Хариуцлагаас мултрахын тулд худал хэлэх нь хүнийг өөрийг нь ичгүүртэй байдалд оруулдаг гэсэн санаа эндээс харагдана.

 

Тэгвэл, манай нийгэмд хэр олон хүн худал хэлснээсээ болж ичгүүртэй байдалд орж нүүрэн дээр нь том хамар ургачихсан юм шиг нуугдах газар эрэн давхидаг бол? Хэр олон хүн худал хэлснээрээ бусдын итгэлийг үгүй хийн, итгэлт найз нөхдөө өөрөөсөө хөндийрүүлж байгаа бол?

Хэчнээн хүн хууртсаар байгаад сүүлдээ худал хуурмагтай эвлэрч, ‘худлаа хэлэхгүй амьдарч угаасаа болохгүй юм байна’ гээд худалчдын эгнээнд өөрөө элсэн ордог бол?

Эцсийн дүнд, тэр худал хэлж шийдсэн асуудлууд нь үнэхээр ашиг тусаа өгсөн болов уу? Хэнд ч итгэхийн аргагүй бүгд худлаа хэлдэг тэрхүү газар нь там, диваажин хоёрын алинтай нь төстэй бол?

Арай илүү хэрсүүжиж, ухаан суусан Пиноккио суллагдаад сурч боловсрох замдаа эргэн орлоо. Гэтэл дахиад л шударга Жон гэгч зальт үнэг замд нь тааралдаж Пиноккиог өвчин тусчихсан хохирогч юм гэдэгт итгүүлдэг. Хохирогч учраас цаашид өсөж дэвшиж, боловсрох аргагүй хэмээн уруу татна. Сургуульд явсанд орвол тоглоомын оронд зугаа цэнгэл хөөж амьдарсан нь дээр хэмээн ятгаад Пиноккиог тийш дагуулан явжээ.

Тэнд очоод "Дэнлүүний гол" хэмээх буруу хүмүүжилтэй, сэхүүн хүүгийн нөлөөнд автаж, өөрийн оюун ухаанаа мөн л үл тоомсорлон хүссэнээрээ наргиж цэнгэж, тоглож наадна. Тэнд байсан хүүхдүүд бүгд аажмаар илжиг болон хувирч байгааг гэнэтхэн анзаарсан Пиноккио бүрмөсөн илжиг болчхоогүй дээрээ гэртээ харих найдлага өвөртлөн далай руу үсэрч, тэндээс зугтдаг.

 

Хүнээ алдаж, хохирогч сэтгэхүйгээр хариуцлага үүрэхгүй байх арга зам хайн, жаргал цэнгэлийг амьдралынхаа эрхэм зорилго болгохоор шийдсэн хүмүүс нэг л мэдэхэд илжиг мэт амьдралыг туулах болсон байдаг. Яг ийм тохиолдлууд манай Монголд ч цөөнгүй харагдана. Асуудлаас зугтаж архинд орсон хүмүүс ийм л сонголтыг хийсэн учраас хүнд хэцүү амьдралаар амьдрахад хүрдэг.

Зугаа цэнгэлийн төлөө эрээ цээргүй аашилж явсан хүмүүс ийм л сонголтыг хийсэн учраас эрх чөлөөгөө хасуулан, хоригдож шийтгүүлэхэд хүрнэ. Аз таарч, алдсан ч амжиж ухааран хэтэрхий оройтохоос өмнө хувь заяагаа эргүүлж чадсан хүн ч цөөнгүй байдгийн дурдахад илүүдэх юун.

Пиноккиогийн хувьд дарангуйллын гараас мултарч чадсан ч "сайн сайханд хүрч жаргах" газартаа хүрэх болоогүй байжээ. Харин ч өөрийгөө үгүй хийх шахсан тэр аймшигт газраас, ёроолгүй хав харанхуй рүү үсрэх шаардлагатай тулгардаг. Арай хийж гэртээ хүрч иртэл сайхан сэтгэлт эцэг нь байсангүй. Гуньж гутран сууж байтал цагаан тагтаа нисэн ирж эцэг Жеппетто нь яг одоо далайн ёроолд, Монстро хэмээх аварга халимын гэдэс дотор буйг дуулгана.

Энэ бол мөнөөх байгаллаг чанар (Цэнхэр дагина) Пиноккиог шинэ эрэл хайгуул, адал явдалд дахин дуудаж, хамгийн хайртай, хамгийн үнэ цэнтэй зүйл нь хамгийн харахыг хүсээгүй, хамгийн аймшигтай газарт байгааг илтгэж буй явдал байлаа. Хүний жинхэнэ хувь заяа хамгийн том сорилтууд, хамгийн хүнд хариуцлагуудтай нүүр тулж байж сая олддог гэсэн түлхүүр санааг үүгээр илэрхийлж байна.

Харин одоо аавыгаа олохын тулд Пиноккио далайн ёроол хүртэл явах хэрэгтэй болжээ. Далайн хамгийн ёроол хэсгийн хавцалд амьдардаг халимтай хийсэн аймшигт тулааны дараа, аавыгаа уснаас гаргаж авах гэж бүхий л чадлаараа тэмцсэний эцэст тэр өөрөө живнэ. Ингээд утсан хүүхэлдэй үгүй болсноор эцэг нь аврагдаж, тэд дахин нэгдэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ?

Жинхэнэ эрх чөлөөнд хүрэхийн тулд (эцгээ өөрийнхөө нэг хэсэг болгохын тулд) өмнө амьдарч ирсэн модон толгойтой, худалч, зугаа цэнгэл хөөсөн утсан хүүхэлдэйг үхүүлэх ёстой гэсэн үг. Эцэст нь Цэнхэр дагина Пиноккиог, зоримог, үнэнч, бусдыг боддог болсных нь төлөө "жинхэнэ хүү" болгодог.  

Ингэж л Пиноккио ба түүний ухаан (Цэнхэр дагинаас өгсөн Жимини царцаа) хоёрын төлөвшсөн хүн болох зорилго бүхий аялал, хамтын үйл хэрэг гараанаасаа эхлээд дуусах хүртлээ өрнөнө. Түүний эцэг (Жеппетто; соёл, эмх журам) ба эх (Цэнхэр дагина; байгаль; шинэлэг чанар) хүүг бий болгожээ.

Тэрээр эцэг эхийн оршихуйгаас хамаардаг ч гэсэн өөрийнхөөрөө төлөвшсөн бие хүн мөн. Энэ нь хувь хүний хувь заяаг зөвхөн соёл ба байгалийн нийлбэр бус, харин буруу зөвийг ялгах дотоод ухаан голчлон шийддэг гэсэн гайхамшигт сэдлийг дэвшүүлсэн зохиолын агуулга билээ.

Хэдий хийсвэр, бас өөр соёлд, өөр цаг үед зохиогдсон ч гэсэн энэхүү утсан хүүхэлдэйн адал явдал өнөөдрийн монголчуудын зовлонг онож хэлсэн тул утга санааных нь агуу тал бидний өмнө тодорч байх шиг.  Худал хуурмагаар дүүрсэн манай өнөөгийн нийгэмд хүн шиг амьдралыг туулья гэвэл юун түрүүнд утсан хүүхэлдэй л бүү болоорой.

Ингэвээс бусдын гар хөл болж, боолчлогдон, яг л илжиг мэт ачаа үүрч, адгуус мэт өөрийн дуу хоолойгүй амьдрахад хүрнэ. Энэ санаа үнэн эсэхийг амьдралын алхам тутамд тааралдах дүр эсгэгч, худалч, хулчгар бас зугаа цэнгэл хөөгч хүмүүсийн замналаас хараарай.

Зурагтаар, интернэтээр, сонин хэвлэлээс, эсвэл бүр гадуур явахдаа ч ажиглаарай.

Дүгнэлтээ хийснийхээ дараа өөрөө "жинхэнэ" болоорой. Тэр л зүйлээр, тэр л жинхэнэ хүнээр эх орон өв соёл чинь хамгаас илүү дутагдаж байгаа шүү!

 

Бэлтгэсэн: Э.Цэнгэлсайхан