Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс нь өмнө оношлох арга боловсруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хятадын хэсэг эрдэмтэд цусны шинжилгээгээр хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс нь дөрөв хүртэл жилийн өмнө оношлох арга боловсруулснаа зарлажээ.

Тэдний боловсруулсан PanSeer хэмээх цусны шинжилгээ нь хорт хавдрыг 95 хувийн нарийвчлалтай оношилж байгаа гэнэ.

“Таван төрлийн хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс нь дөрөв хүртэл жилийн өмнө DNA methylation-based цусны шинжилгээгээр оношилж болохыг бид харууллаа” гэж “Nature Communication” сэтгүүлд нийтлэгдсэн тайланд өгүүлжээ.

Энэ арга нь хорт хавдрыг урьдчилж тааварлах биш, харин бусад арга хэрэгслээр илэрдэггүй, шинж тэмдэг үзүүлдэггүй эрт үеийн хавдрыг оношлох юм байна.

Өмнө нь цусны шинжилгээгээр хорт хавдар оношлох аргууд гарч байсан ч өвчтөнд ямар нэг шинж тэмдэг илрээгүй байх үед оношилж чаддагаараа Хятадын эрдэмтдийн нээлт онцлог болжээ.

Энэ аргыг бий болгохдоо 2007-2014 онуудад өвчтөнүүдээс авсан цусны плазмын сорьцыг хиймэл оюун ухааны “machine learning” алгоритмаар боловсруулсан юм байна.

Мөн ходоод, бүдүүн гэдэс, элэг, уушги, улаан хоолойн гэсэн таван төрлийн хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн сорьцыг Хятадын биобанкнаас авч ашиглажээ.

Их Британийн Хавдар судлалын төвийн ахлах мэргэжилтэн Саманта Харрисон “PanSeer оношилгооны эхний үр дүн маш их сонирхол татаж байна. Энэ аргаар хорт хавдрыг олон жилийн өмнө цусны шинжилгээгээр илрүүлэх боломж ирээдүйд нээгдэнэ. Одоо илүү өргөн хүрээнд судалгааг хийж шинэ нээлтийг баталгаажуулах нь чухал” гэж ярьжээ.

Мөн яг аль төрлийн хорт хавдар үүсч эхэлснийг тогтоож чаддаг болох нь дараагийн шийдвэрлэх гол асуудал гэж бусад эрдэмтэд дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian