Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.07.14/

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 14
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: /2020.07.14/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/752752618880370/

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 13,214,000 хүн өвчилснөөс 574 мянга хүн нас барсан байна. Одоогоор 7.6 сая хүн эдгэсэн бол 4.9 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. 

24 цагийн дотор дэлхий дахинд 180 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, 3,000 гаруй хүн эндсэн байна. 

Нэг хоногийн дотор АНУ-д 60 мянга, Энэтхэг улсад 28 мянга, Бразилд 20 мянган хүн шинээр халдвар авсан нь дэлхийд 24 цагийн дотор өвчлөл хамгийн их нэмэгдсэн эхний гурван улсад бичигдаж байна. 

Өвчлөл ийнхүү нэмэгдэж байгаатай холбогдуулан  ДЭМБ-ын ээлжит хурлаар ДЭМБ-ын ерөнхий захирал хэлэхдээ COVID-19-ийн нөхцөл байдалтай уялдуулан дэлхийн орнуудыг дөрөв ангилж байна. 

  •  Өндөр сонор сэрэмжтэй улс орнууд. 

Эдгээр орон эхний тохиолдол бүртгэгдэж эхлэнгүүт үр дүнтэй хариу арга хэмжээг хурдан шуурхай авч хэрэгжүүлсэн. Үүнийхээ үр дүнд хүн амаа өндөр дэгдэлт, цар тахлын өвчлөлөөс сэргийлж чадсан. Ийнхүү нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн цогц арга хэмжээг авсан тул цар тахлыг даван туулах  боломжтой болсон. Эдгээр улсад Номхон далайн  эргийн орнууд гол төлөв багтаж байна. 

  •  Эрүүл мэндийн гол арга хэмжээг баримталж, хүн амын хүчтэй манлайллын хослуулан, ард нийттэйгээ хамтран цар тахлыг хяналтандаа авч байгаа орнууд.

Үүнд Европын зарим орон орж байна. Энэ бол олон нийтийн дэмжлэгтэйгээр нийгмийн эрүүл эрүүл мэндийн цогц арга хэмжээ авч, алхам алхмаар эдийн засгаа сэргээж байгаа орнууд юм.

  •  Дэгдэлтийн эхний оргил үеийг амжилттай давсан ч хязгаарлалтаа хэтэрхий эрт сулруулснаар дараагийн шинэ давалгаа гарч, тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа орнууд юм.

Үүнд Европын гол төлөв орнууд орж байна. Эдгээр улсад тохиолдлын тоо эргээд эрс нэмэгдэж, өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоо эмнэлгийн ор дүүрч, ачааллаа дийлэхгүй байгаа. Энэ нь эрсдлийг бууруулах арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж чадаагүй, эрт хяналтыг сулруулсантай холбоотой.  

  •  Дэгдэлт нь эрчтэй тархаж байгаа орнууд.

Үүнд, Америк, Өмнөд Ази, Африкийн хэд хэдэн орон багтаж байна. Тухайлбал, шинэ бүртгэгдэж байгаа цар тахлын 50 гаруй хувь нь нь эдгээр улсад хамаарч байна. Өөрөөр хэлбэл, нийт хүн ам нь хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, ханиалгах зөв дадал эзэмшээгүй, гараа сайн угаагаагүй, өвчтэй байхдаа гэртээ байх зэрэг нийгмийн эрүүл мэндийн ийм арга хэмжээг дагаж, мөрдөөгүй байснаас цар тахлыг хянах боломжгүй болж байгаа улс орнууд. 

Хэрэв ийм арга хэмжээ хэрэгжүүлж чадахгүй бол байдал улам дордох болно. Иймээс хамгийн энгийн, нийгмийн эрүүл мэндийн дээрх арга хэмжээг хэрэгжүүлээгүй, дагаж мөрдөөгүй бол хуучин амьдралынхаа хэв маяг ойрын үед орж чадахгүй байх шүү гэдгийг анхааруулсан. Иймээс хүн бүр амны хаалтаа зүүж, гарын ариун цэврийг сахиж, хүн хоорондын зай барих зэрэг үнэ төлбөргүй хэрнээ  энгийн аргуудыг хэрэгжүүлбэл цар тахлын ард гарах боломжтой. 

Манай улсад ажиглалтад шинээр 109 хүн орсон. 24 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. 

Одоо ажиглалтад 2,794 хүн байна. Үүнд  

  • 1-5 насны 163 хүүхэд
  • жирэмсэн 104 эмэгтэй
  • архаг, хууч өвчтэй 307 хүн байна. 

Тэдэнд 43 их эмч, 72 резидент эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 45 хүн эмчлэгдэж байгаа ба зургаан хүн хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байгаа ба тэдгээр хүнд 12 их эмч, 43 сувилагч, асрагч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 16 эмч мэргэжилтэн тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол гараагүй. 

24 цагийн хугацаанд 119 тоот утсанд 109 дуудлага ирж, коронавирусийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авсан.

Шуурхай 119 аппликэйшнээр Америк, Японоос хоёр монгол иргэн холбогдож, коронавирусийн эмнэл зүй, эмчилгээний талаар зөвлөмж авсан. 

Ирсэн нийт дуудлагад иргэд сонор сэрэмж багасаж байна гэсэн шүүмжлэл зонхилж байна. 

Коронавирусийн халдвараар өдрөөс өдөрт 160-200 гаруй мянган хүн шинээр өвчилж байгаа энэ үед иргэд анхаарлаа сулруулж болохгүй гэдгийг санууллаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.