Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад худалдаа эхний хагас жилд 368 сая ам.долларын ашигтай гарлаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 5.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.6% буюу 1.54 тэрбум ам.доллараар буурсан байна. 

Экспорт 2.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.1 тэрбум доллар буюу 28.2% буурчээ. Харин экспорт ийнхүү буурсан ч импортоос давснаар гадаад худалдаа 368 сая ам.доллароор ашигтай гарлаа. 

Эрдэс бүтээгдэхүүний хэсэгт багтах барааны экспорт 1.3 тэрбум ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 153.2 сая ам.доллароор тус тус буурсан нь экспортын бууралтад голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт

 
Эх сурвалж: ГЕГ

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 76.5 хувийг эзэлж байна.

Зарим уул уурхайн бүтээгдэхүүний экспорт

Тоо хэмжээний хувьд БУУРАЛТТАЙ эрдэс бүтээгдэхүүн:

  • Чулуун нүүрс 690.1 сая ам.долларын 8.6 сая тонн экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 850.4 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 9.4 сая тонноор тус тус бага байна. 2019 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 85.4 ам.доллар байсан бол энэ онд 79.7 ам.доллар болсон байна. Чулуун нүүрсний 96.4 % БНХАУ руу гаргасан байна.
  • Боловсруулаагүй нефть тайлант хугацаанд 951.1 мянган баррель буюу 33.9 сая ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2.23 сая баррелиар, үнийн дүн 145.7 сая ам.доллараар тус тус бага байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 56.6 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 35.7 ам.доллар болж 20.8 ам.доллараар буурчээ.
  • Зэсийн баяжмал 675.9 мянган тонн экспортлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 73.3 мянган тонноор бага байна. Өнгөрсөн оны мөн үед зэсийн баяжмалын дундаж үнэ 1,418.2 ам.доллар, экспортын үнийн дүн 1062.4 сая ам.доллар байсан бол энэ онд дундаж үнэ 1,096.5 ам.доллар, үнийн дүн 741.1 сая ам.доллар болж тус тус буурчээ.
  • Цайрын баяжмалын экспорт тайлант хугацаанд 66.6 мянган тоннд хүрч 1 тонныг дунджаар 1201.9 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 278.9 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 80.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны үеэс 27.1 сая ам.доллараар мөн буурчээ.

Тоо хэмжээний хувьд ӨСӨЛТТЭЙ эрдэс бүтээгдэхүүн:

  • Жоншны экспорт 75.7 сая ам.доллар ба 313.7 мянган тоннд хүрч 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 27.3 мянган тонноор өссөн ч, үнийн дүнгээр 17.1 сая ам.доллараар буурсан нь экспортын дундаж үнэ 82.6 ам.доллараар буурсантай холбоотой. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ, Узбекстан руу экспортолсон ба 24.3 хувь ОХУ-д, 75.3 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.
  • Төмрийн хүдрийн экспорт 4.1 сая тонн буюу 283.2 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 9.2 мянган тонноор, үнийн дүн нь 31.4 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 ам.доллараар өссөн байна.
  • Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 21.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.6 сая ам.доллараар буурсан байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 8,811.0 ам.доллараас 6,813.5 ам.долларт болж, 1997.5 ам.доллараар буурчээ. Тайлант хугацаанд 3,105.0 тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 295.4 тонноор их байна. Молибдены баяжмалын 83.1 хувийг БНХАУ-руу гаргажээ. 

Бусад барааны экспорт

Тайлант хугацаанд 309.2 тонн хонь, ямааны мах, 123.0 тонн малын дайвар бүтээгдэхүүн, 461.1 тонн үхрийн боловсруулсан мах, 10 974 кг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт экспортолсон байна.