Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Жуулчдын тоо 1%-аар нэмэгдэхэд л тухайн улсын коронавирусийн халдварын тохиолдол 1.2%-аар өсөж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн дэлхий дахинд COVID-19 халдвартай холбоотой хийгдэж буй судалгааны ажлуудын мэдээллийг танилцуулав.

Долдугаар сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн дахинд COVID-19-тэй холбоотой нийт 42,142 эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлэгджээ.

Э.Оюунсүрэн "Дэлхийн хэмжээнд нийт 2,490 эмнэл зүйн туршилт судалгаа явагдаж байгаа бөгөөд одоогоор 194-ийнх нь судалгаа дууссан байна. 

Харин вакцин бүтээх 160 туршилт хийгдэж байгаа юм. Тухайлбал,  БНХАУ-ын Синовак эмийн компанийн бүтээсэн SARS өвчний үед туршигдаж байсан вакцин эмнэл зүйн туршилт судалгааныхаа гуравдугаар шатандаа орсон.

Мөн Их Британи улсын Оксфордын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн Мers, томуу, сүрьеэгийн өвчний эсрэг туршигдаж байгаа хоёр вакцин туршилтынхаа сүүлийн шатыг эхлүүлсэн" хэмээв.

Жуулчдын тоо 1%-аар нэмэгдэхэд, COVID-19-өөр нас барсан иргэдийн тоо 1.4%-аар нэмэгдэнэ

1. Герман, Австрали улсын эрдэмтэд олон улсын аялал жуулчлал болон цар тахлын хамааралтай холбоотой эдийн засгийн судалгааг хийжээ. Ингэхдээ улс орнуудын гадаад жуулчлалын тоог коронавирусийн халдвар авсан иргэдийн тоотой нь харьцуулан судалсан аж.

Судалгааны үр дүнд, улс орнуудын жуулчдын тоо нэг хувиар нэмэгдэхэд л коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 1.2 хувиар, нас барсан иргэдийн тоо 1.4 хувиар нэмэгдэж байна гэх тооцоолол гарсан байна.

COVID-19 халдварын үед уушгинаас бусад эрхтэнд эмчилгээ хийх нь зүйтэй

2. Иран улсын эрдэмтдийн баг коронавирусийн эмгэг судлалын чиглэлээр хэвлэлийн тойм судалгаа хийжээ.

Судалгааны үр дүнд, коронавирусийн халдвар нь зөвхөн уушгийг өвчлүүлээд зогсохгүй бүдүүн болон нарийн гэдэс, элэг, бөөр, арьс, зүрх, цөс, тархи зэрэг эрхтнүүдийг өвчлүүлдэг гэдгийг тогтоосон.

Өвчлөлийн зарим эмгэг SARS, MERS зэрэг өвчнийхтэй төстэй байгаа бөгөөд эрдэмтэд уушгинаас бусад эрхтэнд эмчилгээ хийх тал дээр эмч нар анхаарах нь зүйтэй хэмээн зөвлөмж гаргажээ.

COVID-19 халдвар авсан эрэгтэйд тулгуур булчингийн эд доройтох хам шинж илэрчээ

3. АНУ-д COVID-19-ийн халдвар авсан 38 настай эрэгтэйд тулгуур булчингийн эд доройтох хам шинж илэрсэн байна. Коронавируст халдварын үед булчин өвдөх шинж тэмдэг элбэг тохиолдож байгаа.

Иймд эрдэмтэд коронавирусийн халдвар булчингийн системд үзүүлж буй нөлөөллийг цааш дэлгэрэнгүй судлах шаардлагатай гэж үзэж байна.

Багтраатай хүн халдвар авбал хүндрэх магадлал өндөр 

4. Лондонгийн Био анагаах ухааны судалгааны төвийн эрдэмтэд коронавирусийн халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 406,  793 хүний дунд тус тус судалгаа хийжээ. Судалгаагаар багтраа өвчтэй иргэд 17.9 хувийг эзэлж байжээ.

Иймд судлаачид багтраа өвчтэй хүн коронавирусийн халдвар авбал цаашид биеийн байдал нь хүндрэх магадлал өндөр байгааг анхааруулжээ.

Халдвар авсан эхийн ихэс болон сүүнээс коронавирус илрээгүй

5. Их Британи улсын Кембриджийн их сургуулийн судлаачид коронавирусийн халдвар хүүхдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж хэвлэлийн тойм бэлтгэжээ.

Судалгаанд 2-14 насны 2,141 хүүхэд хамрагдсан байна.Тэдгээрийн 49 хувь нь ханиалгах, 47 хувь нь халуурах шинж тэмдэг илэрч байсан аж. Мөн коронавирусиийн халдвартай эхээс төрсөн 58 нярайд буюу 6.8 хувьд нь халдвар авсан нь батлагдсан байна.

Нярай хүүхдүүдийг төрснөөс хойш 1-2 хоногийн дараа шинжилгээ авсан учир төрсний дараа халдвар авсан магадлал өндөр байна гэж үзэж байна.

Халдвар авсан эхийн ихэс болон сүүнээс коронавирус илрээгүй бөгөөд нярай уг өвчнөөр өвчилсөн тохиолдол маш ховор бүртгэгдэж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/323366255725613

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.