Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Т.Доржхандын асуултад сайд нарын өгсөн хариулт

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд шинээр томилогдох гэж буй сайд нараас хариуцсан салбарынх нь талаар асуулт асууж, хариулт авав. Түүний тавьсан асуулт болон сайд нарыy өгсөн хариултыг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Харьцангуй мэргэжлийн туршлагатай сайд нарыг оруулж ирж байгаад талархал илэрхийлье.  

Шадар сайдаас гадаадад гацсан иргэдээ ямар хугацаанд татаж авах вэ. Ялангуяа АНУ-д гацсан оюутнуудын асуудлыг яах вэ?

Гадаад харилцааны сайдаас ШХАБ буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

Сангийн сайд аа, төсвийн тодотголын яг хэзээ хийх вэ. Дотоодын бондын зах зээлийг хэзээ нээх вэ. Банк, санхүүгийн сектор, төсвийн зарлагын шинэчлэлийг хэзээ эхлүүлэх вэ. 2.9 тэрбум ам.долларын дөрвөн жилийн хугацаанд төлөгдөх өрийг хэрхэн удирдах вэ. Зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх ямар бодлого барих вэ? 

Хууль зүй, дотоод хэргийн сайдаас авлигатай тэмцсэн бодитой жишээ байна уу. Танай Засгийн газрын гишүүд эсвэл намын удирдлагуудаас чинь авлигад холбогдсон нь нотлогдох юм бол та өөрийн харьяанд байдаг цагдаагийн байгууллагад шалгах үүрэг өгөх үү. Авлига авсан дарга 1-2 жилийн хорих ял авсан байдаг. Үүн дээр ямар бодлого баримтлах вэ.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас тэтгэврийн шинэчлэлийг хэзээ, яаж эхлүүлэх вэ?

Боловсрол, шинжлэх ухааны сайдаас боловсролын салбарын шинэчлэлийг хийж чадах уу?

Соёлын сайдаас үндэсний онцлог, ондоошлыг тээж, олон улсад урлаг, соёлоо сурталчилж байгаа уран бүтээлчдээ яаж дэмжих вэ. Гадаадад зөвшөөрөлгүй гаргасан түүх, соёлын өв, үзмэрүүдээ буцааж авчрах тал дээр ямар бодлого баримтлах вэ? 

Эрүүл мэндийн сайдаас энэ салбарыг шинэчлэх үү?

ЗГХЭГ-ын даргаас ирэх дөрвөн жилд ажлын байрыг хэдээр нэмэгдүүлэх вэ?

Эрчим хүчний сайдаас усан цахилгаан станц болон V цахилгаан станцын асуудлыг хэрхэн шийдэх вэ? гэдгийг тус тус асууя. 

Шадар сайд Я.Содбаатар: Цар тахлын үед Засгийн газар олон талт арга хэмжээ авч байгаа. Нийт 32 нислэг зохион байгуулж гадаадад байгаа иргэдээ авчраад байна. Долоодугаар сарын 6-ны байдлаар нийт 66,129 иргэн гадаадаас авчирсан. 
Энэ дунд АНУ-руу нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэж 276 иргэнийг авчирсан. 

Ажлаа аваад цаг үеийн нөхцөл байдалтай танилцаад гадаадад байгаа иргэдтэй холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргая гэсэн бодолтой байна. Нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны дараа чиглэл гарах байх. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: АТГ-ын удирдлагууд УИХ-аас томилогддог. 

Цаашид мөрдөх албаны бүтэц, тогтолцоог нэг түвшинд аваачиж, өөрчлөх шаардлага бий. 

2017 оны долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хамаарах авлига, албан тушаалын бүх хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тооцолгүйгээр сэргээж шалгах дагалдах хуулийг УИХ 2020 оны нэгдүгээр сард баталасан. Энэ дагуу хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон бүх хэргийг прокурорын байгууллагаас сэргээн шалгаж байгаа. 

Авлига, албан тушаалын эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах уу гэж асуулаа. Авлигатай тэмцэх тэмцэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орно. Тиймээс авлигын хэргийн ялыг чангатна. 

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван: Монгол Улс 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статусаар нэгдэн орсон. 2018 онд Чиндаод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Монгол Улс ажиглагчийн статусаа шат ахиулах боломжийг судалж байна гэдэг мэдэгдэл хийсэн байдаг. Энэ хүрээнд ГХЯ-нд ажлын хэсэг ажиллаж байгаа. 

Тус яамны сайдаар томилогдох тохиолдолд ГХЯ-ны бүтцэд ШХАБ-ын асуудлыг хариуцсан тусгай нэгж байгуулан тодорхой дүгнэлт, хариулт өгөх болно. 

Соёлын сайд С.Чулуун: Соёлын бүх чиглэлийн үйл ажиллагааг бүс нутаг, дэлхийн түшинд гаргахад Соёлын яам бүрэн дэмжлэг үзүүлнэ. Тэр дундаа Кино урлагийг дэмжих санг тогтмолжуулах, олон улсад гарахад нь дэмжлэг үзүүлэн ажиллана. 

БСШУСЯ-ны Соёлын газраас авсан мэдээллээр гадаадад албан ёсоор гарсан үзэсгэлэнгээс үлдсэн нэг ч дурсгал байхгүй. Хууль бусаар гарсан зүйл олон байгаа байх. Хууль бусаар гаргасан дурсгалуудыг буцааж авчирахад анхаарч ажиллана. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ээлжит бус чуулган зарлаж төсөвт тодотгол хийнэ. Том өөрчлөлт орохгүй гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын ажлууд хэвээрээ явна. 

Хоёрдугаарт, дотоодын бонд гаргах уу гэж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн бонд гаргаагүй, зээл авалгүйгээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. Одоо шаардлагатай бол дотоодын бонд гаргах бүх бэлтгэлийн хангасан байгаа.

Өмнөх шиг арилжааны банкуудаас зээл аваад байхгүй. Блокчэйн дээр үндэслэсэн технологиор онлайн худалдаа хийгдэж авах орчныг бүрдүүлсэн. Монгол Улсын иргэн хэн боловч үүнд оролцож, Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах боломжтой. 

2.9 тэрбум ам.долларын бондын төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр шийднэ. 

Зээлжих зэрэглэлийн тухайд гурван байгууллага байдаг. Сонгуулийн өмнө хоёр байгууллагын нэг нь зээлжих зэрэглэлийг хэвээр нь үлдээсэн. Төлвийг нь өөрчилсөн. Нөгөө нь зээлжих зэрэглэл, төлөвөө өөрчлөөгүй байгаа. Харин гурав дахь нь ямар шийдвэр гаргахыг бид мэдэхгүй байна. Цаашид зээлжих зэрэглэлээ анхаарч ажиллана.