Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Будзаан: Энэ оны эхний хагас жилд гэхэд 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсан байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Аялал зугаалгын цаг эхэлснээр эцэг, эхчүүдийн хараа хяналт суларч, хүүхдүүд зам тээврийн болон ахуйн осолд өртөх нь буурахгүй байна.

Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцаж, сүүлийн жилүүдэд хүүхэд эрүүл мэнд болон амь насаараа хохирсон ослын талаар тодрууллаа. 

-Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Ойрын жилүүдийн тоон мэдээллийг та дурдахгүй юу?

-Сүүлийн 3 жилийн байдлаар л гэхэд зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд нас барсан.

Тухайлбал, 2017 онд  55, 2018 онд 45, 2019 онд 49 хүүхэд нас баржээ. Он гарснаас хойш эхний хагас жилд гэхэд 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас хорвоог орхисон гэх зэрэг харамсалтай мэдээлэл байна.

Түүнчлэн энэ оны эхний  хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн.

-Амралт, аялал зугаалгын цаг эхэлснээр хүүхдүүд гол мөрөнд эндэж байгаа тохиолдол ч гарч байгаа?

-Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед хүүхэд гудамж, талбай, орон сууцны гадна тоглох, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, амралт, жуулчны газар, гол ус  болон бусад газар аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдэд тавих хараа хяналт суларч байна. Үүний улмаар хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь буурахгүй байгаа.

Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт дутмаг, хайхрамжгүй байдлаас шалтгаалан энэ оны эхний зургаан сарын байдлаар

  • зам тээврийн ослын улмаас 26,
  • гол усанд живж 8,
  • ухсан нүх шуудуунд унаж 5,
  • өндрөөс унаж 9,
  • гадны биетэд цохиулж 1,
  • халуун ус, галд түлэгдэж 5,
  • мориноос унаж 8 хүүхэд тус тус амь насаараа хохирсон байна.

-Эдгээрээс урьдчилан сэргийлж, осол эндэгдлийг бууруулахаар ямар ажлууд хийж байн вэ?

-Ахуйн хүрээнд хүүхдийг осол гэмтлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, мэдээлэл, төв орон нутгийн цагдаагийн байгууллагаас эрсдэлт орчны хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Мөн дээрх нөхцөл байдлыг бууруулахын тулд "Яараад яахав дээ" аяныг зам тээврийн осол хамгийн их гардаг үе буюу 7, 8 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулж байна. Аян өчигдөр буюу долдугаар сарын 1-нээс албан ёсоор эхэллээ.

Уг аян нь хүүхэд залуусыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлэх зорилготой юм. Энэ жилийн хувьд зорчигчийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа.