Цагдаагийн ерөнхий газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо.
Энэ удаагийн аяныг Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба, Автотээврийн үндэсний төв, Монгол даатгал, таван богд, АПУ, Петровис зэрэг томоохон ААН, байгууллагууд дэмжих оролцож байгаа ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргйилэхэд төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэн нийгмийн сайн сайхан, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах , аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж байгаа хамтын ажиллагааг харуулсан явдал” гэдгийг мэдээллийн үеэр онцлов.
Тус аян, арга хэмжээг “Оюутолгой” ХХК “Мобиком Корпораци” ХХК хоёр дахь жилдээ санхүүжүүлж, хамтран зохион байгуулж байгаа аж.
Өнгөрсөн удаагийн аяны үр дүнд тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 50.8, нас барсан хүн 11.7, гэмтсэн хүн 49.7 хувиар, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, нас барсан хүн 21.7, гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл хэлэхдээ “Зуны улиралд амралт, зугаалга эхэлдэгтэй холбоотойгоор орон нутгийн замд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр аян, арга хэмжээ зохион байгуулдаг.
Энэ жил “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулахаар болж байна. Энэ удаагийн арга хэмжээнд жолооч бус зорчигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана” гэсэн юм.
Уг арга хэмжээ нь долдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулагдах бөгөөд орон нутгийн замуудад хурд хэмжигчийг нэмэлтээр байршуулна гэдгийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!