Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулсан улс, орнууд эгзэгтэй мөчид ирээд байгааг ДЭМБ-аас анхаарууллаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар танилцуулав.

Ойрх Дорнодын улсуудад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулсны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир ДЭМБ-аас тухайн улсуудыг эгзэгтэй мөчид ирээд байгааг анхааруулсан.

ДЭМБ-ын Газар дундын тэнгисийн зүүн эргийн бүсэд харьяалагдах 22 улсад COVID-19 халдварын 1 сая гаруй тохиолдол бүртгэгдээд буй. Тухайн бүсэд бүртгэгдсэн нийт нас баралтын 80 гаруй хувь нь Египет, Иран, Ирак, Пакистан, Саудын Арабад бүртгэгджээ.

АНУ

Долдугаар сарын 1-ний өдөр АНУ-д 43,600 гаруй тохиолдол, 560 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 2,624,000-д хүрч, 127,200 гаруй хүн эндсэн тухай АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ.

Халдвар тус улсын баруун болон өмнөд мужуудад өргөн хүрээнд тархаж байгаатай холбоотойгоор мужийн захирагчид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Калифорни муж баар, ресторан, кино театр болон бусад үйлчилгээний газруудын гурван долоо хоногийн хугацаанд хаах болсон. Тус мужид өчигдөр гэхэд л 9,700 гаруй тохиолдол шинээр нэмэгдсэн бөгөөд нийт халдвар 232 мянгад хүрээд байгаа юм.

Харин Техас мужид Лхагва гарагт 8,000 гаруй тохиолдол нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлэгчдийн тоо огцом өсжээ. Мөн зарим эмнэлгүүд төлөвлөгөөт мэс заслуудыг цуцалж, COVID-19-өөр өвдсөн хүнд өвчтөнүүдэд тусламж үзүүлэх шаардлагатай болж байна гэж үзсэн байна.

Бразил

Бразил улсад өчигдөр 46,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,038 хүн халдварын улмаас нас баржээ.

Тус улсад батлагдсан халдвар өссөн дүнгээр 1,448,000 гаруй болж, 60,600 хүн эндсэн тухай Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

ОХУ

Европын бүсийн ОХУ-д нийт халдварын тохиолдол 654,400 болсон бол нийт 9,536 хүн нас бараад байна.

Австрали

Номхон далайн баруун бүсийн Австралийн холбооны улсад долдугаар сарын 1-нд 67 шинэ тохиолдол нэмэгджээ.

БНСУ

БНСУ-д өчигдөр шинээр 54 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 44 нь дотоодын халдвар бол 10 нь гаднаас зөөвөрлөгджээ.

БНХАУ

БНХАУ-д өчигдөр 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол нэг тохиолдол нь Бээжин хотод бүртгэгдсэн байна.

Бээжинд зургаадугаар сарын 11-н өдрөөс хойш 329 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/904462023355141/?v=904462023355141

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.