Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хятадын эрх баригчдын баталсан үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль өнөөдрөөс Хонг Конг хотод хэрэгжиж эхэлж байна.

Ингэснээр тус хотод гарсан бослого тэмцлийг Бээжингээс оролцож таслан зогсоох боломж нээгдэж байгаа юм.

Шүүмжлэгчид энэ хууль хэрэгжсэнээр Хонг Конг эрх чөлөөгөө алдаж, хараат бус байдал нь устана гэж үзэж байна.

1997 онд тус хотыг Их Британиас Хятадад шилжүүлэхдээ өөртөө засах онцгой эрхийг нь хадгалах гэрээг байгуулсан юм.

Хонг Конгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам уг хууль нь иргэдийн үг хэлэх эрх чөлөөг боож хаахгүй, харин үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад гардаг “хуулийн цоорхойг” нөхсөн гэж тайлбарлаж байна.

Хонг Конгийн сөрөг хүчний хууль тогтоогч Тэд Хуй “Бидний эрх чөлөө, хуулийн засаглал, хараат бус байдал устлаа” гэж мэдэгджээ.

Шинэ хууль хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор Их Британи, Европын Холбоо, NATO зэрэг улс орон, байгууллагууд Бээжинд харамслаа илэрхийлсэн юм.

Хонг Конгийг цаашдаа Хятадын нэг хэсэг гэж үзэх болсон тул тус хотод үзүүлдэг худалдаа, бизнесийн онцгой нөхцлөө АНУ-ын засаг захиргаа цуцалж эхлээд байна.

Шинэ хуулинд орсон зарим заалтуудаас дурдвал:

  • Салан тусгаарлах, хорлон сүйтгэх, гадаадын хүчнүүдтэй хуйвалдах, терроризмийн гэмт хэрэгт оноох ялын хэмжээ гурван жилээс эхлээд бүх насаар хорих хүртэл шийтгэлтэй болжээ.
  • Хятадын төв засгийн газрыг болон Хонг Конгийн засаг захиргааг гутаан доромжилсон, үзэн ядсан үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болсон
  • Нийтийн тээврийн системд хохирол учруулбал терроризмд тооцох болсон
  • Уг хуулиар шийтгүүлсэн хүн төрийн албанд ажиллах эрхгүй болно
  • Бээжингийн эрх баригчид Хонг Конг хотод өөрийн аюулгүй байдлын албыг шинээр нээж, өөрийн хүн хүчийг ажиллуулах ба үйл ажиллагаанд нь хотын хууль дүрэм үйлчлэхгүй
  • Шинэ хуулийг зөрчсөн зарим хэргийг ноцтой гэж үзвэл хаалттай шүүнэ
  • Гадаадын төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хяналтыг чангатгана
  • Хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн хэргүүдэд шинэ хууль үйлчлэхгүй ажээ.

 

Эх сурвалж: BBC