Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Олон цагаар суух нь хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг туршилтаар баталжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өдрийн ихэнх цагийг сууж өнгөрөөх нь хорт хавдар үүсэх эрсдэлтэй ямар холбоотойг батлан харуулсан судалгааны тайлан өчигдөр JAMA Oncology анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

“Хөдөлгөөний дутагдал, хорт хавдар хоёр хоорондоо ямар их хамааралтайг батлан харуулсан анхны судалгаа энэ боллоо” гэж судлаачдын ахлагч Техасын их сургуулийн хавдар судлалын төвийн профессор Сюзан Гилкрист тайландаа бичсэн байна.

Өдөрт ердөө 30 минутын суултаа ямар нэг хөнгөн хэлбэрийн хөдөлгөөнөөр (тухайлбал алхах) солих нь хорт хавдрын эрсдлийг 8 хувиар бууруулдаг гэж дүгнэжээ. Хэрвээ хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлбэл энэ эрсдэл 31 хувиар буурах гэнэ.

Судлаачид 2009-2013 оны хооронд 8,000 хүнд хөдөлгөөн мэдрэгч төхөөрөмж зүүлгэж туршсан юм байна. Туршилт эхлэх үед тэд бүгд хорт хавдаргүй байжээ. Таван жилийн дараа шалгахад суух дуртай хүмүүсийн хорт хавдраар нас барах эрсдэл хөдөлгөөнтэй хүмүүсийнхтэй харьцуулахад 82 хувиар өндөр болсон байна.

Үүнд туршилтад оролцсон хүмүүсийн хүйс, нас, эрүүл мэндийн байдлыг тооцсон гэнэ.

Үүнээс өмнө эрдэмтэд амьдралын хэв маягаа эрүүлжүүлснээр хорт хавдраар нас барах эрсдлийг 50 гаруй хувиар бууруулж болно гэж дүгнэж байв.

“Ажил дээрээ цаг тутамд 5 минутыг суудлаасаа босож хөдлөхөд зарцуулах, лифтний оронд шатаар явах төдийд хорт хавдраар нас барах эрсдлийг бууруулах боломжтой” гэж судлаачдын дүгнэлтэд зөвлөжээ.

 

Эх сурвалж: CNN