Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн даатгалын компани боолын худалдаанд оролцдог байсныхаа төлөө уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Их Британийн томоохон даатгалын компани Lloyd’s of London XVIII-XIX зууны үед Атлантын далайг дамнасан боолын худалдаанд оролцож, ашиг олж байсныхаа төлөө олон нийтээс уучлал гуйжээ.

“Английн түүхийн аймшигтай, ичгүүртэй цаг үе болох арван наймаас арван есдүгээр зуунд Атлантын боолын худалдаанд оролцдог байсныхаа төлөө Lloyd’s уучлал гуйж байна. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд нь африк гаралтай хүмүүсийн олон жил үзэж туулсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл өнөөдөр ч нийгмийн олон салбарт амь бөхтэй оршсоор байгааг харуулж байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Lloyd’s компани цаашдаа африк гаралтай болон бусад үндэстний цөөнхийг дэмжих сан, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийхээ амлажээ.

Дээр дурдсан түүхийн цаг үед Европ тивээс нийлүүлсэн галт зэвсэг, дарь зэргээр Африк тивээс олзолсон олон сая боолыг сольж, Америк тивд хүргэдэг байжээ. Боолуудыг хүргэсэн хөлгүүд буцаж ирэхдээ Европт чихэр, хөвөн, тамхи зэрэг бараа авчирдаг байсан юм.

XV-XIX зууны хооронд нийтдээ 17 сая орчим эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүдийг Африкаас боол болгон Америк тивд зарж байжээ. Тэдний нэлээд хэсэг нь Атлантын далайг гатлах замд амиа алддаг байсан бол үлдсэн хэсэг нь бүх насаа тариалангийн талбайд ажиллаж өнгөрөөдөг байв.

Их Британи улс 1807 онд Атлантын боолын худалдааг хориглосон ч хууль хэрэгжиж чадалгүй дахин нэг үеийн турш үргэлжилсэн гэдэг.

 

Эх сурвалж: Reuters