Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад оюутнуудыг алдвал Австралийн эдийн засаг хохирол амсана гэв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Хятадын боловсролын яам гадаадад суралцахдаа Австралийн их сургуулиудыг сонгохгүй байхыг оюутан залуусдаа зөвлөсөн билээ. Австралид коронавирусийн тахалтай холбоотой Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл нэмэгдсэн гэсэн шалтгаанаар ийм зөвлөмж гаргажээ.

Цар тахлын улмаас Австралийн эдийн засаг сүүлийн 30 жилийн хугацаанд үзээгүй хямралтай тулгараад байгаа. Хэрвээ Хятадын оюутнуудыг алдвал уг хямрал улам гүнзгийрэх аюултайг Австралийн худалдааны сайд өнөөдөр анхааруулжээ.

Боловсролын салбар бол Австрали улсын дөрөв дэх том гадаад орлогын эх үүсвэр бөгөөд жил бүр $26 тэрбумыг олдог. 2019 оны тоо баримтаас харвал Хятад улсын оюутнууд тус улсад суралцаж буй 442,209 гадаад оюутны 37.3 хувийг бүрдүүлж байжээ.

Үүнээс гадна Хятад улс Австралийн хамгийн том худалдааны түнш юм.

“Хэрвээ гадаад оюутнуудын тоо буурвал манай их сургуулиуд төдийгүй бид бүгд сөрөг нөлөөг нь мэдрэх болно” гэж тус улсын худалдааны сайд Саймон Бирмингэм өнөөдөр хэвлэлд ярьсан байна.

Тэрбээр Хятадын оюутан залуус ч мөн адил хохирол амсах тул урт хугацаандаа хоёр улсад хоёуланд нь ашиггүй гэдгийг онцолжээ.

Өчигдөр Хятадын боловсролын яамны зөвлөмж гарсны дараа Австрали улс арьс өнгөөр ялгаварлах үзлийг тэвчихгүй, үүнийг арилгах механизм тус улсад нэгэнт бий болсон гэж Бирмингэм сайд мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Reuters