Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар оюутан залуустаа Австралийн их сургуулиудыг сонгохгүй байхыг зөвлөв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Ази хүмүүсийн эсрэг гэмт хэрэг нэмэгдсэн тул гадаадад боловсрол эзэмшихдээ Австралийн их сургуулиудыг сонгохгүй байхыг Хятадын боловсролын яам өнөөдөр залуустаа зөвлөжээ.

Хэд хоногийн өмнө тус улсын соёл, аялал жуулчлалын яам бас өөрийн иргэдэд Австрали улс руу зорчихгүй байхыг зөвлөж байв.

“Австралийн их сургуулиудыг сонгохоосоо өмнө болзошгүй эрсдлийг сайн тооцоолох” хэрэгтэйг Хятадын боловсролын яамны мэдэгдэлд анхааруулжээ.

Ням гарагт Сидней Морнинг Хералд сонинд нийтлэгдсэн судалгааны тайланд дөрөвдүгээр сарын 2-ноос хойш Австралид Ази хүмүүсийн эсрэг үйлдсэн 386 хэрэг бүртгэгдсэнийг мэдээлсэн байна.

Эдгээрийн дотор зодох цохихоос эхлээд нулимах хүртэл төрөл бүрийн халдлага бүртгэгджээ 

Сүүлийн үед Хятад-Австралийн харилцаа муудаад байгаа. Австралийн засгийн газар коронавирусийн гарал үүслийг мөрдөн шалгахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалснаас энэ бүхэн эхлэлтэй гэж үздэг.

Хятадын засгийн газар Австралийн арвайн импортод өндөр татвар оноож, үхрийн махны хэд хэдэн үйлдвэрээс нь бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглоод байгаа.

Гэхдээ Бээжингийн эрх баригчид дээрх арга хэмжээнүүдийг коронавирусийн тахлын маргаантай холбоогүй гэж тайлбарладаг. Үүнээс гадна Австралийн засгийн газар Хонг Конгийн бие даасан статусыг хөндөхийн эсрэг байр суурь илэрхийлсэн нь харилцаа муудахад нэмж нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.

Хятадын боловсролын яамны мэдэгдэл гарсны дараа өнөөдөр австрали долларын ханш америк доллартай харьцуулахад 1 хувиар суларчээ.

 

Эх сурвалж: Reuters