Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

"УИД-т гарсан галын шалтгааныг тогтооход хамгийн багадаа 14 хоног шаардагдана"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрт өчигдөр 16:48 цагт гал гарсан. Нийслэлийн Гал унтраах, аврах найман ангийн болон цагдаагийн нийт 230 алба хаагч ажилласаар уг гал түймрийг 21:30 цагт бүрэн унтраасан юм. 

Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/2659324447713490/

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан "Өчигдөр буюу 6 дугаар сарын 7-ны өдрийн 16:48 цагт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрт гал гарч байгаа тухай дуудлага 101 дугаарын утсанд ирсэн. Дуудлагын дагуу 10 дугаар анги 16:50 цагт тухайн газарт очсон. Бие бүрэлдэхүүн очиход гал дээврийн хэсэгтээ тархан дэлгэрсэн байсан тул нэмэлт хүч шаардагдаж, шаардлагатай хүн хүчээ богино хугацаанд гаргасан.

Гал унтраах, аврах нийт найман ангийн 96 алба хаагч очиж, ажиллалаа. 

Галын тархалтыг 17:30 цагт зогсоож, 21:30 цагт галыг бүрэн унтрааснаар хүлээлгэн өгсөн. 

Нэмэлт хүн хүч төвлөрүүлэхэд бэлтгэл ээлж, амарч байгаа алба хаагчдаа дуудаж ажиллуулсан. Улсын их дэлгүүрийн барилгад гарсан галыг унтраахад 27 техник хэрэгсэл ажиллалаа. 

Утаанд боогдсон долоон хүнийг амь насыг авран хамгаалсан" хэмээн ажиллагааны талаарх мэдээллийг өгөв.

Галын шалтгаан тогтоогдоогүй. Нийслэлийн Цагдаагийн газраас хэргийн газарт үзлэг хийж байгаа юм. Галын шалтгааныг тогтооход хамгийн багадаа 14 хоног шаардагдах аж.