Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол цар тахлын үед дижитал шилжилтийг эрчимжүүлэхийг уриалав

ikon.mn
2020 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот. – Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам Монгол) нь Вебинарын цувралын ээлжит хэлэлцүүлгийг цар тахлын үе дэх дижитал шилжилт ба Монгод Улсын бэлэн байдлын сэдвээр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Фейсбук компанийн бодлого хариуцсан захирал Жорж Чен, Ард санхүүгийн нэгдлийн захирал, үүсгэн байгуулагч Ч. Ганхуяг, Анд глобал компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал В. Баярсайхан, Вагнер Ази компанийн дижитал технологийн шийдлийн хэлтсийн дарга Х. Уянга нар оролцож санал солилцлоо. 

Тус хэлэлцүүлгийг АмЧамын ТУЗ-ийн гишүүн, Степп групп компанийн захирал, үүсгэн байгуулагч Б. Гэрэлмаа удирдан чиглүүлэв. Энэ цахим уулзалтад гадаад дотоодын 60 гаруй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч оролцож дижитал шилжилтийн олон улсын сүүлийн үеийн чиг хандлага, Монгол Улс энэ үйл явцад хэрхэн явж байгаа болон дэлхий дахинтай алхаа нийлүүлэхэд юу хийх шаардлагатай талаар илэн далангуй ярилцлаа. 

Хатагтай Гэрэлмаа нээлтийн үгэндээ дижитал шилжилт нь нэг талаас хэрэглэгчийг бүтээгдэхүүн, үйлчилгээнд нь ойртуулж байгаа бөгөөд нөгөө талаас, бизнесийн үйл явцыг улам өөрчилж дижитал технологи өргөнөөр нэвтрүүлэхийг шаардаж байна гэв.  

Жорж Чен хэлэхдээ Фейсбук нь хүмүүсийг холбодог энгийн талбар байхаа больж дэлхийн хэрэглэгчдийг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй ойртуулдаг тавцан болж хувираад байгааг онцлов. Тэр цааш хэлэхдээ дижитал шилжилтийн үйл явц нь хоёр түвшинд явагдаж байгаа бөгөөд бид бүгдийн ажлын арга барилд дижитал технологи ашиглах нь хэвийн үзэгдэл болж, нөгөө талд цар тахлын үед зай барьж ажиллаж байгаа үед бизнесийн үйл ажиллагаагаа өөрчилж, цахим худалдаа зэргийг хөгжүүлэх явдал чухал болж байгааг онцлов. Мөн Фейсбук нь цахим сургалтын агуулга бэлтгэх, ЖДҮ нарт гарын авлага боловсруулж өгөх болон хуурамч, худал мэдээллийн урсгалыг таньж мэдэхэд нь хэрэглэгч нартаа тусалж буй гэв.  

В. Баярсайхан дижитал шилжилт нь аливаа нэгэн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй, хүртээлтэй болгох арга зам юм гэж тодорхойлов. Ингэхдээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг улам хүртээмжтэй болгоход энэхүү технологи чухал үүрэг гүйцэтгэх ёстойг онцлов. Тийм ч учраас Анд глобал нь TomYo EdTech гэдэг аппликейшн боловсруулж олон улсын тэргүүний сургалтын хөтөлбөрүүдийг нэг дор авчирж Монгол залуучуудад гадаад явахгүйгээр суралцах боломжийг олгох ажлыг эхлүүлээд байгаа юм. 

Дижитал шилжилт нь бид анх интернетэд холбогдсон тэр үеэс л эхэлсэн гэж Х. Уянга онцлов. Бид энэ үйл явцад бэлэн үү гэвэл, бэлэн бөгөөд цар тахлын өнөө үед улам эрчимтэй хэрэгжүүлж байна гэв. Уул уурхайн компани болох Вагнер Азийн хувьд энэхүү дижитал шилжилт нь ложистикийн болон аюулгүй байдлын асуудлыг шийдэхээс эхлэн хэд хэдэн үетэй үргэлжилж байгааг тэмдэглэв. 

Ч. Ганхуяг хэлэхдээ цар тахлын энэ цаг үеийг ашиглан Монголд бизнес эрхлэгчдэд дижитал шилжилтийн үйл явцыг эрчимжүүлэхэд шаардлагатай эрх зүй зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, дэд бүтцийг хөгжүүлэх талаар санаачлагатай ажиллахыг засгийн газарт уриалав. 

Илтгэгч нар оролцогч нарын сонирхсон асуултуудад хариулж сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.

АмЧам Монголын тухай. 


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.