Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: БНСУ-аас иргэд ихэвчлэн PCR шинжилгээ хийлгээд ирж байгаа бол зарим орон шинжилгээ хийх зөвшөөрөл өгөхгүй байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл өгсний дараа хурандаа Б.Ууганбаяр сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.  

-Гадаадад байгаа оюутнуудын нөхцөл байдал нэлээд хүндэрч байна. Ялангуяа, ОХУ-д байгаа оюутнуудаа хэзээ татан авах вэ?

-ОХУ-д байгаа оюутнуудын талаар бид Элчин сайдтай байнга холбогдож, мэдээлэл авч байгаа. Хүндэрсэн нөхцөл байдлууд бий. Ойрын хугацаанд оюутнуудаа татан авах ажлыг зохион байгуулах бэлтгэх хангах үүргийг Шадар сайд өгсөн. Татах хугацаагаа бид тодорхой болохоор  олон нийтэд хандаж мэдээлнэ.  

-Эх орондоо ирэх хүсэлт гаргаж, Шуурхай штабт өдөрт хэчнээн хүн хандаж байна вэ?

-Шуурхай штабт иргэд ажлын тав биш, долоон өдөр, хагас, бүтэн сайнгүй хандаж байгаа. Нийт 10 мянга гаруй өргөдлийг бид хүлээн авчихсан, өргөдөлд дүн шинжилгээ хийх хүмүүсээ дотроо томилчихсон байгаа. Хэзээ ч Шуурхай штабт өргөдлөө өгөхөд бид хүлээж авна. 

Харин нэмж хэлэхэд, УОК, Шадар сайд болон төрийн өндөрлөгүүдэд өргөдөл өгөх шаардлагагүй. Албан ёсоор Шуурхай штаб өргөдөл авч байгаа тул манайд хандаарай. 

-Иргэдээ татан авах ажлыг цаашид хэр давтамжтай хийх вэ?
 
-Иргэдээ татан авах ажлыг тасралтгүй зохион байгуулна. Дэлхийн нөхцөл байдал, Монгол Улсын нөхцөл цаашдаа яаж өрнөхийг одоо таамаглахад хэцүү.

-Энэтхэгээс ирсэн иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэтхэг рүү жижиг оврын онгоц нисэж, 158 хүн ирсэн. ХӨСҮТ-д хоёр хүн очсон. Бусад хүнийг  тусгаарлах бусад байранд байрлуулсан.

-Татан авалтыг цааш үргэлжлүүлнэ гэж байна. Дотоод нөөц боломж ямар байгаа вэ. Хэд хүртэл хүнийг татан авч, тусгаарлах боломжтой, хэдэн хүний эмчлэн хүчин чадал байна гэж тооцсон бэ?

-Эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг ЭМЯ-ны мэдээллээр өгч байгаа. 

Эрүүл мэндийн үйлчилгээнээс бусад бүх үйл ажиллагаа, татан авалтыг Шуурхай штаб зохион байгуулж, бэлтгэлийг хангаж байна. 

Манай нөөц боломж хязгаарлагдмал гэдгийг бид иргэддээ олон удаа хэлж байгаа. 26 цэгийн талаар мэдээлэл өглөө. Бид иргэдийг байрлуулах байр хайж, зочид буудал, сувиллуудтай уулзаж, ярилцаж байгаа.

Хамгийн гол нь нэг хүнийг нэг өрөөнд байлгах  гэдэг дэглэмийг зайлшгүй сахиж мөрдөхгүй бол болохгүй. Эхний ирсэн хүмүүсийн 21 хоногийн тусгаарлах хугацаа дуусахаар дараагийн ээлжийг татаж байна. Сүүлд БНСУ-аас ирсэн иргэдийн тусгаарлах хугацаа энэ сарын 25-нд дуусахаар халдваргүйжүүлэлт хийгээд дараагийн ээлжээ авна. Хойд аймгуудад нөөцөө тултал хүмүүс аваад байна. 

Энэтхэгийн 158 хүнийг бид дундуур нөөц боломж гаргаад, өөр байрууд бэлдээд авч байгаа юм. 
Шинээр мөн байр хайж байна. Шаардлагатай бол Улаанбаатарын ойр байгаа, Тэрэлж чиглэл дэх амралтуудыг дайчлахаар яриад тооцоолж байна. Гэхдээ хүндрэл бол байна. 

-0-12 насны хүүхдүүдтэй 210 гаруй эцэг, эх БНСУ-д байна гэсэн мэдээлэл байна. Тэдний дунд нэг эмэгтэй 5 хүүхдээ эмээ дээр нь орхисон байтал эмээ нь нас барсан тохиолдол байна. Энэ нөхцөл хүндэтгэх шалтгаанд тооцогдохгүй юу?

-Бид тавьж байгаа 6 шаардлагынхаа хүрээнд иргэдээ татаж байгаа. Хүндрэлтэй нөхцөлүүдийг харгалзан үзэж, маш уян хатан хандаж буй. Онгоцонд суух нэрсийн жагсаалтад багтаагүй ч нисэх буудал дээр байсан өвчтэй хүнийг авсан байх жишээтэй. 

-Ирж байгаа иргэдийг онгоцонд суухаас нь өмнө шинжилгээ авч байгаа гэж буй. Гэтэл ОХУ-аас ирсэн оюутнуудаас олноор халдвар илэрлээ. 

-Улс орон бүр шинжилгээ хийх талаар өөр байр суурьтай байгаа. БНСУ-аас ирж байгаа иргэд ихэвчлэн PCR шинжилгээ хийлгээд ирж байгаа бол зарим орон зөвшөөрөл өгөхгүй байна. Энийг ойлгооч ээ. Бүх улс орон шинжилгээ хийх зөвшөөрөл өгөхгүй байна. Тиймээс бид зарим тохиолдолд онгоцон дотор түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байна. 
ОХУ-аас ирсэн иргэдийн хувьд шинжилгээ хийгээд илгээсэн гэж мэдээлсэн. Тэр нь түргэвчилсэн оношлуураар хийсэн байж болно. Улс орон бүр харилцан адилгүй байна. 

Видео:

https://www.facebook.com/588990477781350/videos/871133656696868/?t=1