Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Эдгэрсэн хүмүүсээс 11 нь гэртээ, 15 нь Энх саран сувилалд хяналтад байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- ОХУ-д халдвар авсан оюутнуудад эмчилгээ хийхгүй байгаа гэх мэдээлэл, гомдол их ирж байна. Үүнд тайлбар хэлэхгүй юу?

Д.Нарангэрэл: Олон улсын эрүүл мэндийн дүрмийг мөрддөг 190 гаруй улс, орон бий. Тухайн дүрэмд тухайн улсад халдварт өвчин туссан аль ч улсын иргэнийг эмчилж, сувилах ёстой тухай заасан байдаг.

ОХУ-д сурч байгаа оюутнуудын ар гэр болон штаб хүмүүстэй бид холбогдож байгаа. Тэр хүмүүс дотуур байрандаа эмчийн хяналтад байгаа бөгөөд өглөө бүр эмч халууныг нь хэмжиж, зөвлөгөө өгдөг тухай бидэнд мэдээлж байна.

ДЭМБ-аас гаргасан зааварт тус өвчний хөнгөн хэлбэрт онцгой эмчилгээ шаардагдахгүй бөгөөд биеийн дархлааг дэмжиж, сайн хооллоход анхаарах ёстой гэсэн нь бий. Тиймээс ОХУ-ын эмч нар хөнгөн хэлбэрийн эмчилгээний чиглэлийн дагуу л эмчилгээ хийж байгаа юм билээ.

- Эмчилгээний зардалд нэг хүнд ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулагдаж байгаа вэ?

Я.Буянжаргал:  Бид эмчилгээ хийх дундаж хоног болон түүнд зарцуулагдах зардлыг тооцож үзсэн.

Уг тооцоололд эмчилгээнд хэрэглэгдэж буй эм тарианаас гадна, хамгаалах хувцас хэрэгслүүд ч багтсан бөгөөд нэг хүний эмчилгээний зардалд дунджаар 800 мянга гаруй төгрөг зарцуулагдаж байна.

Бид Засгийн газрын нөөц хөрөнгөөр шийдсэн бүх тоног төхөөрөмжүүдийг худалдан авах бүх ажиллагааг хийсэн. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр тодорхой тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж буй.

Бид боломжийн хэрээр нөөцөө нэмэгдүүлж байгаа. Хэрвээ хүн амын дунд өвчлөл тархаж, байдал хүндэрвэл яах талаарх тооцооллыг ч хийж, УОК, Засгийн газарт тухай бүрт нь хэлэлцүүлж явахад бэлэн.

-Засгийн газрын нөөц сангаас эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангахын тулд хэчнээн төгрөг гаргасан бэ?

Я.Буянжаргал: Уг асуудлыг Засгийн газрын 2, 3 удаагийн тогтоолоор шийдвэрлэсэн. Хамгийн анх тоног төхөөрөмж нийлүүлэхэд шаардлагатай 4.2 тэрбум төгрөгийг шийдэж байсан бол дараа нь 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан. Энэ хөрөнгийг тоног төхөөрөмжөөс гадна эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис болон тэнд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтны илүү цагийн урамшуулалд зарцуулсан.

-АНУ-д эсрэг биетийг гаргаж авсан тухай мэдээлэл сошиал сүлжээнд явж байна. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл юм бол?

Д.Нарангэрэл: Энэ бол судалгааны түвшинд л явж буй асуудал. Дэлхий дахинд COVID-19 халдвар гарснаас хойш нийт 4,000 гаруй эрдэмтдийн судалгаа хийгдэж байгаа.

Тодруулбал, өдөрт 3-4 судалгаа шинээр гардаг тухай мэдээлэл бий. Тэр бол хэсэг эрдэмтдийн л судалгааны мэдээлэл болохоос албан ёсны батлагдсан эсрэг биетийг гаргаж аваагүй байна.

Бид ДЭМБ-ын зарчмыг баримталж, ДЭМБ-аар баталгаажсан зүйлийг эмчилгээ оношилгоонд хэрэглэнэ. Өвчлөөд эдгэрсэн хүнд эсрэг бие зарим тохиолдолд гардаг. Энэ бол тухайн хүнд дархлаа тогтсоны шинж тэмдэг. Гэхдээ зарим улсын жишээнээс харахад эдгэрсэн хүнд вирус дахин илэрч буй тохиолдол бас бий.

-Өвчлөөд эдгэрсэн 26 хүн одоогоор тусгаарлалтад байгаа юу. Гаднын улсад эдгэрсэн хүн дахин халдвар авч байгаа тохиолдол юутай холбоотой гэж үзэж байгаа вэ?

Д.Нямхүү: Манай улсын өвчлөөд эдгэрсэн хүмүүс ХӨСҮТ-ээс гарсны дараа 14 хоног сувилалд, 14 хоног гэрт нь тусгаарлагдаж байгаа. Энэ үед нь эмч нар хянаж, шинжилгээ авч буй. Одоогоор эдгэрсэн 11 хүн гэртээ тусгаарлагдаж байгаа бол 15 хүн Энх саран сувилалд хяналтад байна.

Зарим улсад эдгэрсэн хүн дахин халдвар авч байгаа тохиолдол нь вирус хувирч байгаатай холбоотой. Бид эдгэрсэн хүн дахиж халдвар авахгүй гэх баталгааг өгч чадахгүй.

Гэхдээ улаанбурхан зэрэг зарим халдвар өвчин туссан тохиолдолд байгалийн дархлаа сууж дахин өвддөггүй. Харин коронавирусийн хувьд  шинэ учраас дэлхий даяар судалж байна.

-Өнөөдөр Энэтхэгээс ирсэн хүмүүсийн шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

Д.Нямхүү: Энэтхэгээс ирсэн хүмүүсийн сорьцыг бид аль болох хурдан цуглуулах ажлыг зохион байгуулж байна.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/651967035652342/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.